Хятад, Оросын “хязгааргүй” түншлэл хилийн бүс нутагт худалдааг идэвхжүүлж байна
Хэйлунжян мужаас Орос руу гаргасан экспорт 2021-2025 онд гурав дахин гаруй өсжээ.

Москва, Бээжин хоёр ойртохын хэрээр хоёр улсын худалдаа эрчимтэй өсөж байна. Энэ нь Оросын тоглоомоос эхлээд Хятадын трактор хүртэлх ачаа дамждаг Хэйлунжян мужид онцгой мэдрэгдэж байна.
Хэйлунжян бол Хятадын “үр тарианы агуулах”. Тус мужийн Жямусы трактор үйлдвэрийн угсралтын шугамаас гарч буй улаан, ногоон тракторуудын олонх нь томоохон фермүүдэд очдог. Гэхдээ 2022 оноос хойш үйлдвэр шинэ зах зээл нээжээ. “Орос бол гадаад дахь манай хамгийн том худалдан авагч” гэж үйлдвэрийн борлуулалтын захирал Ян Хайянь хэлэв.
Оростой 1850 миль урт хиллэдэг Хятадын хамгийн хойд муж болох Хэйлунжяны олон аж ахуйн нэгжид ийм байдал ажиглагдаж байна. Мужийн худалдааны газрын дарга Ли Жиганы хэлснээр, 2021-2025 онд хоёр улсын харилцаа гүнзгийрэхтэй зэрэгцэн тус мужаас Орос руу гаргасан экспорт гурав дахин гаруй өсөж, импорт 60 орчим хувиар нэмэгджээ. Энэ онд худалдаа аль хэдийн бараг 12 хувиар өссөн байна.
Шинэ зам, төмөр замын боомт, гүүр, эрчим хүч тээвэрлэх хоолой худалдааг дэмжиж байна. 2022 онд Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “хязгааргүй” түншлэлээ зарласны дараахан Москва Украин руу бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлж, барууны хоригт өртсөн юм. Түүнээс хойш Кремль худалдааны хувьд, ялангуяа газрын тос, байгалийн хийгээ борлуулах зах зээлээр Хятадад улам их найдах болжээ.
Хэйлунжяны хилийн хотууд түүхий нефть, байгалийн хий, мод, модон материалыг Хятадын бусад хэсэг рүү оруулах гол цэг юм. Оросын Благовещенск хотын эсрэг талд орших Хэйхэ хотоос хил дамнасан хийн хоолойн Хятад дахь хэсэг эхэлдэг. 2024 онд бүрэн холбогдсон 8000 километр урт энэ хоолой Сибирийн байгалийн хийг Шанхай хүртэл тээвэрлэдэг.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ч Оросоос импортлох томоохон, өсөн нэмэгдэж буй бараа болжээ. Хэйхэгийн чөлөөт худалдааны туршилтын бүсэд Оросын шар буурцгийг боловсруулахаас өмнө шалгадаг. Хилийн бүсэд амьдардаг Хятадын иргэн бүр Оросоос өдөрт 8000 юанийн (1200 орчим ам.доллар) барааг татваргүй оруулах эрхтэй. Компаниуд иргэдэд мөнгө төлж, тэдний квотоор хямд шар буурцаг оруулж ирдэг.
Хэйлунжяны зүүн хэсгийн Суйфэньхэ хот Москва руу ачааны түргэвчилсэн маршрут нээж, хил дамнасан бараа тээврийг хялбаршуулжээ. Хотын дарга Кан Хаопэн Синьхуа агентлагт ярихдаа, шалгалт, гаалийн бүрдүүлэлтэд хэдэн жилийн өмнө 10 минут зарцуулдаг байсан бол одоо ердөө 30 секунд шаардагддаг гэжээ.
Хэйлунжяны оршин суугчид Оросын матрёшка, чихэр, жигнэмэг, хувцас зардаг дэлгүүрээр орох дуртай. Мужийн төв Харбины нэгэн дэлгүүрт Оросын тоглоом сайн зарагддаг ч шоколад хамгийн эрэлттэй. “Бид Оросын шоколадад их дуртай” гэж Харбины бизнес эрхлэгч Жао Ци хэлэв. Жао Цигийн гэр бүлийнхэн ойролцоох Владивосток руу очихдоо ихэвчлэн хавч, загас авчирдаг аж.


