Тагнуулч гэх Элис Хуан Nvidia-гийн Хятад дахь гол өрсөлдөгч Huawei-тэй холбоотой байж магадгүй
Хувийн тагнуулын фирмийн судалгаагаар Элис Хуангийн хувьцаа эзэмшиж байсан компаниуд Huawei-д тооцоолох хүчин чадал нийлүүлдэг дата төвтэй холбоотой байжээ.

Хятадын тагнуулч гэж сэжиглэгдэж буй Элис Хуан Nvidia-тай бизнес эрхэлж, огцорсон гүйцэтгэх захирал Женсен Хуантай дотно харилцаатай байсан гэх тэр үедээ Хятад дахь Nvidia-гийн хамгийн том өрсөлдөгч Huawei-д ашиг тусаа өгсөн компаниудад хувьцаа эзэмшиж байсан байж магадгүй гэж CNBC мэдээллээ.
Элис Хуан, Huawei хоёрын холбоог хувийн тагнуулын Tesari фирмийн шинжээчид анх илрүүлж, зөвхөн CNBC-д дүгнэлтээ хуваалцжээ. Энэ холбоо Элис Хуангийн Nvidia-гийн тэргүүнтэй харилцаа тогтоосон зорилго, Женсен Хуан хайртай хүнээ өрсөлдөгчтэй нь ойр холбоотой гэдгийг мэдэж байсан эсэх талаар эргэлзээ төрүүлж болзошгүй.
CNBC-ийн танилцсан баримт бичгийн дагуу, Элис Хуантай холбоотой компаниуд Женсен Хуантай хамт анх олны өмнө харагдсан 2023 оны арванхоёрдугаар сартай ойролцоо үед Huawei-д Nvidia-гийн тооцоолох хүчин чадал нийлүүлэхтэй холбогдож байжээ. Nvidia 2024 онд Huawei-г хиймэл оюун ухааны чипийн салбарын гол өрсөлдөгчдийн нэг гэж нэрлэж байв.
“Элисийн сүлжээнд хийсэн дүн шинжилгээгээр илэрсэн энэ үйл ажиллагаа үндэсний аюулгүй байдал, технологийн тархалтыг хязгаарлах мөрдөн шалгалт явуулах үндэслэлтэй” гэж Tesari-ийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын мөрдөн байцаах албаны ахлах тусгай ажилтан асан Брайан Андерсен хэлэв.
Хэрэв хэн нэгэн “хяналтад байдаг тоног төхөөрөмжийг” Huawei-д зөвшөөрөлгүй шилжүүлсэн нотолгоо олдвол экспортын хяналтыг зөрчих, хуйвалдаан, хууль бусаар хил давуулах зэрэг хэрэг үүсгэж болзошгүй гэж Андерсен хэлжээ. Энэ холбоо маш ээдрээтэй тул санаатайгаар нууцлахаар зохион байгуулсан байж магадгүй гэж Tesari-ийн шинжээчид сэжиглэж байна.
Nvidia, Huawei хоёр CNBC-ийн хүсэлтэд хариу өгөөгүй бөгөөд Женсен Хуан гар утсанд нь үлдээсэн дуут мессежид хариу өгөөгүй, Элис Хуантай холбогдож чадаагүй байна.
Tesari-ийн цуглуулсан Хятадын компанийн бүртгэл, хэвлэлийн мэдээгээр, Хуан Лэ гэх хятад нэртэй Элис Хуан 2019 онд өөрийн эзэмшдэг үүлэн үйлчилгээний компанийг Хятадын нэгэн тоглоомын компанид худалдсан байна. Тэр тоглоомын компанийн Сингапур дахь охин компани 2023 онд Megaspeed нэртэйгээр салж бие даасан бөгөөд хожим Nvidia-гийн гол харилцагч болж, Хятадын компаниуд руу дор хаяж 7.5 тэрбум ам.долларын Nvidia-гийн чип нийлүүлэхэд тусалсан гэж The Information мэдээлжээ.
Элис Хуан технологи, дата төвд их хэмжээний хөрөнгө оруулдаг Shanghai Hexi санхүүгийн компанийг 2016 оноос хамтран эзэмшиж эхэлжээ. Hexi 2021 онд дата төв барьдаг Shanghai Century Longteng компанийн 27 хувийг авч, 2024 он хүртэл эзэмшиж байжээ. Century Longteng нь Хятадын эх газрын Шэньжэнь хотын нэгэн дата төвийн хяналтын багц болох 50.1 хувийг эзэмшдэг байв.
Тэр дата төвийн гол харилцагч нь Huawei Technologies-ийн охин компани Huawei Cloud байв. Элис Хуангийн Hexi фирм уг дата төвийг санхүүжүүлэх зээлд баталгаа гаргажээ.
Шэньжэний дата төв Nvidia-гийн график процессор авч чадсан эсэх нь тодорхойгүй ч түүний гол эзэмшигч 2023 оноос эдгээр чипийг худалдан авч эхэлжээ. Хятадад үйлдвэрлэсэн чип авах боломжтой Huawei гаднаас тооцоолох хүчин чадал түрээслэх шаардлагатай байсан нь яагаад вэ гэсэн асуулт ч гарч байна.
Hexi 2024 онд дата төв хөгжүүлэгч компанид эзэмшиж байсан хувьцаагаа худалдсан ч Элис Хуангийн сүлжээний хүмүүс Шэньжэний дата төвтэй холбоотой хэвээр байна. Элис Хуангийн нөхөр Кан Вэй бол Hexi-г үүсгэн байгуулагч юм. Тэрбээр 2022 онд Century Longteng компанийн удирдах албан тушаалтан болж, Huawei-тэй байгуулсан гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцжээ.


