АНУ Украинд 500 Пэтриот пуужин худалдахыг зөвшөөрөв
Худалдан авалтыг Европ, Канадын холбоотнууд бүрэн санхүүжүүлэх ч шинээр үйлдвэрлэх тул нийлүүлэлт удаан үргэлжилж магадгүй байна.

Оросын агаарын довтолгоо эрчимжиж буй үед АНУ Украинд 500 Пэтриот пуужин худалдахыг зөвшөөрчээ. Киев сүүлийн саруудад нийлүүлэлт удааширсан гэж гомдоллож байсан юм. Энэ тухай Би Би Си мэдээлэв.
АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, дэвшилтэт сөнөөгч пуужингууд 2.1 тэрбум ам.доллар болох бөгөөд Киевийн Европ, Канад дахь холбоотнууд бүрэн санхүүжүүлнэ.
Украин худалдан авалтын төлбөрийг Канад, Герман, Норвегийн хандив болон Европын холбооны Украиныг дэмжих зээлээр санхүүжүүлэх үндэсний хөрөнгөөр төлнө. Гол гүйцэтгэгч нь Америкийн Локхид Мартин компани юм. Энэ худалдаанд АНУ-ын хөрөнгө оролцохгүй.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын үхлийн аюултай баллистик пуужинг сөнөөж чадах цорын ганц үр дүнтэй зэвсэг болох Пэтриотыг хурдан нийлүүлэхийг АНУ-аас удаа дараа хүсч байв. Тэрээр энэ долоо хоногт чухал пуужингийн нийлүүлэлтийг АНУ баталгаажуулахыг бараг сар хүлээж байгаагаа хэлсэн юм.
Энэ шийдвэр Трамп Украинд дайныг зогсоохын тулд шинэ удирдагч хэрэгтэй гэж хэлснээр Зеленскийтэй маргалдсанаас хэдхэн хоногийн дараа гарчээ.
“Тэд манай хотууд руу террорист цохилт хийсээр байна” гэж Зеленский баасан гарагийн орой Оросын баллистик пуужин хоёр бүс нутгийг онолсныг мэдээлэхдээ бичжээ.
АНУ Иранд хийсэн дайндаа ашигласнаас болж эдгээр пуужингийн дэлхийн хэмжээний хомсдол үүссэн юм. Захиалга шинээр үйлдвэрлэх пуужинд хамаарах тул Украинд хурдан хүрэх магадлал бага. АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээллээр жилд ердөө 600 пуужин үйлдвэрлэдэг аж.
Энэ үйл явдлыг бусад эх сурвалж хэрхэн мэдээлсэн
The Straits Times, англи хэлнээс
US approves $2.6 billion Patriot missile sale to Ukraine



