Польшийн Үндсэн хуулийн шүүхийн хяналтын төлөөх сөргөлдөөний үеэр цагдаа гаргажээ
Туск засгийн газар шүүхийн дарга, дэд даргыг яллахаар хөөцөлдөж байгаа бол шүүх үүнийг төрийн эргэлт гэж буруутгав.

Польшийн Үндсэн хуулийн шүүх дээр засгийн газар болон шүүхийн дээд шүүгчдийн хооронд сөргөлдөөн хурцадсан тул үймээн дарах цагдаа гаргажээ. Энэ тухай Би Би Си мэдээлэв.
Хууль зүйн сайд Вальдемар Журек шүүхийн дарга Богдан Свенчковский, дэд дарга Бартломей Соханьский нарыг эрүүгийн хэрэгт татахын тулд халдашгүй эрхийг нь хасахыг хүссэн гэж мэдэгдсэний дараа цагдаа ажиллагаа эхлүүлжээ.
Хууль ба Шударга ёс намын дэмжигчид Варшав дахь шүүхийн гадаа цугларсан бөгөөд цагдаа жагсагчдыг барилга руу нэвтрүүлэхгүй байхаар ажиллаж байна.
“Хуулийн засаглалыг сэргээх нь бидний үүрэг. Хууль ба Шударга ёс намын олон жилийн хууль бус байдлын дараа энэ нь хэцүү, заримдаа өвдөлттэй, шийдэмгий алхам шаардсан үйл явц” гэж Ерөнхий сайд Дональд Туск бичжээ.
Үндсэн хуулийн шүүх засгийн газрын яллахыг хүсч буй хоёр шүүгч хууль ёсоор томилогдсон хэвээр байгаа гэж мэдэгдэж, энэ ажиллагаанд оролцогчид төрийн эргэлт хийх гэмт хэрэг үйлдэж байна хэмээн буруутгажээ.
Хууль ба Шударга ёс намын дэмжлэгтэй Ерөнхийлөгч Кароль Навроцки Сенегал руу явж байсан онгоцоо Варшав руу буцаахыг тушаажээ. Тэрээр гуравдугаар сараас хойш парламентын сонгосон Үндсэн хуулийн шүүхийн таван шүүгчийг тангараг өргүүлэхээс татгалзсаар ирсэн бөгөөд тэдний нэг Анна Корвин-Пётровска одоо шүүхийг түр удирдах болжээ.
Хууль ба Шударга ёс намын засгийн газар 2015 онд засгийн эрхэнд гарч шүүхэд олонхи бүрдүүлэхээр шүүгчдийг яаравчлан томилсон бөгөөд Европын шүүхүүд хожим тус намын олонхи гурван шүүгчийг зөрчилтэй сонгосон, Үндсэн хуулийн шүүх хараат бус, шударга шүүх байхаа больсон гэж дүгнэсэн юм.
Энэ алхам шүүмжлэлд ч өртсөн. Хууль ба Шударга ёс намын үеийн шинэчлэлийг шүүмжлэгч хуульч Марчин Матчак шүүхийн даргыг түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж, өнөөдрийн ажиллагаа хуулийн засаглалын асуудлыг хорин жилээр булшлах болно гэж бичжээ. Польшид ирэх жил парламентын сонгууль болно.



