АНУ-ын Хилийн харуул хууль бусаар хил давагчдыг мөрдөх хиймэл оюун ухаант нисгэгчгүй онгоц ашиглахыг судалж байна
Засгийн газрын бүртгэлээс үзэхэд, ийм онгоц дохио ирэхэд таван минутын дотор агаарт хөөрөх ёстой ч Гааль, хилийн хамгаалалтын алба тэдгээрийг худалдан авахаар шийдсэн нь бүртгэлээс харагдахгүй байна.

АНУ-ын Хилийн харуулын алба хууль бусаар хил давсан гэж сэжиглэгдсэн хүмүүсийг мөрдөх хиймэл оюун ухаантай нисгэгчгүй онгоцыг судалж байгааг засгийн газрын бүртгэлд үндэслэн Ньюсвик сэтгүүл мэдээлжээ. Уг онгоцууд дохио ирэхэд суурин станцаасаа автоматаар хөөрөх юм.
11 дүгээр сарын 6-нд нийтлэгдсэн холбооны худалдан авалтын бүртгэлд дурдсанаар, тандалтын цамхаг, мэдрэгч болон бусад системээс дохио ирэхэд онгоцууд таван минутын дотор агаарт хөөрөх ёстой бөгөөд зорилтот хугацаа нь гурван минут байна.
Агаарт гарсны дараа онгоцууд хиймэл оюун ухаан, машин сургалт ашиглан хууль бусаар хил давсан гэж сэжиглэгдсэн хүмүүс, алслагдсан буюу зөвшөөрөлгүй бүсэд яваа тээврийн хэрэгсэл, хууль бус ачааг илрүүлж, мөрдөж, хилийн ажилтнуудад шууд дүрс бичлэг, байршлын мэдээлэл илгээх боломжтой аж.
Гэвч Гааль, хилийн хамгаалалтын алба эдгээр онгоцыг худалдан авах эсвэл ашиглахаар шийдсэн нь бүртгэлээс харагдахгүй байна. Тус алба одоогоор зах зээлд юу байгааг судалж байгаа бөгөөд компаниудын хариуг ирээдүйн худалдан авалтаа төлөвлөхөд ашиглаж магадгүй аж.
Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээгээр, Хилийн харуул 2026 санхүүгийн жилд баруун өмнөд хил дээр 98708 хүнийг баривчилсан нь Байдены засаг захиргааны хамгийн их баривчилгаатай сараас 60 хувиар бага байна.
Гэмт бүлэглэлүүд ч нисгэгчгүй онгоц ашиглан хилийн ажилтнуудыг ажиглах, хил давах замыг тагнах, хар тамхи тээвэрлэх болжээ. Гааль, хилийн хамгаалалтын алба 2025 санхүүгийн жилд АНУ-Мексикийн хилээс 500 метрийн дотор 34682 удаагийн нисгэгчгүй онгоцны нислэг илрүүлсэн гэж Кронкайт Ньюс сайтад өгсөн тоо баримтад дурджээ.
АНУ-ын Хойд командлалын 9 дүгээр сарын 4-ний мэдэгдэлд дурдсанаар, цэргийнхэн 2026 онд өмнөд хил дагуу хууль бус үйл ажиллагаатай холбоотой 300 гаруй нисгэгчгүй онгоцыг устгасны 100 гаруй нь зөвхөн 8 дугаар сард ногдож байна.



