АНУ-ын шуудангийн алба 6.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээсний дараа илгээмжийн үнээ нэмэхээр боллоо
Шуудангийн салбаруудын тоог эрс өөрчлөх шаардлагатай болно гэж санхүүгийн хүнд байдалд орсон байгууллагын ерөнхий дарга мэдэгджээ.

АНУ-ын Шуудангийн алба (USPS) 2026 санхүүгийн жилд 6.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээснээ зарласнаас хэдхэн хоногийн дараа ирэх оны эхээр илгээмжийн үнээ нэмэхээ Пүрэв гарагт мэдэгдэв.
Удирдах зөвлөлийн баталсан өөрчлөлтийг 2027 оны нэгдүгээр сарын 17-ноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд дотоодын илгээмжийн үнэ дунджаар 5.9 хувиар өснө. Өөрчлөлтийг Шуудангийн зохицуулах хороо хянан үзнэ.
Олон улсын илгээмжийн үнэ 7.9 орчим хувиар нэмэгдэх төлөвтэй. Харин энгийн захидал, маркийн үнэ хэвээр үлдэх юм.
Дөрөвдүгээр сард нэвтрүүлсэн 8 хувийн тээврийн нэмэгдэл төлбөрийг байнгын түлшний төлбөр болгож, түлшний үнийн өсөлттэй холбоотой нэмэлт 3 хувийг оруулаад нийт 11 хувьд хүргэхээр болжээ. Энэ төлбөрийг 2027 оны долдугаар сард дахин хянах юм.
Алдагдал өмнөх оны 9 тэрбум ам.доллараас бага байгаа ч санхүүгийн байнгын дутагдал байгууллагыг хүнд байдалд оруулсныг Шуудангийн ерөнхий дарга Дэвид Стайнер хүлээн зөвшөөрчээ.
“Шуудангийн салбарын тоо, зар сурталчилгааны шуудангийн үйлчилгээний түвшинд эрс өөрчлөлт хийх шаардлагатай болно. Ажилтнууд болон Америкийн ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай мөнгийг бүрдүүлэхийн тулд бусад салбарыг ч харах хэрэгтэй” гэж Стайнер мэдэгдэлдээ дурджээ.
Стайнер гуравдугаар сард хууль тогтоогчдод хандаж, арга хэмжээ авахгүй бол хэдхэн сарын дотор мөнгө нь дуусч болзошгүй гэж анхааруулж байв.
“Гол асуудал гэвэл бидэнд бэлэн мөнгө үлдээгүй. Үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд ажилтнуудынхаа тэтгэврийн сангаас зээлж байна” гэж тэрбээр тэр үед хэлж байжээ.
Дөрөвдүгээр сарын яаралтай түлшний төлбөр болон DHL eCommerce-тэй байгуулсан гэрээний дараа шуудангийн алба дор хаяж 2031 он хүртэл ажиллах боломжтой гэсэн тооцоо гарчээ.
Харилцаа цахимжсанаар орлогын гол эх үүсвэр болох энгийн захидлын хэрэглээ огцом буурсан тул USPS 2007 оноос хойш нийт 120 тэрбум орчим ам.долларын цэвэр алдагдал хүлээжээ.
Шуудангийн алба долоо хоногийн зургаан өдөр 170 сая хаягт хүргэлт хийдэг бөгөөд хүргэлтийн чиглэлийн далан хувь, 18 мянган салбарын 58 орчим хувь нь алдагдалтай ажилладаг гэж Стайнер хэлсэн байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь шуудангийн албыг хувьчлах эсвэл Худалдааны яамтай нэгтгэх санаа дэвшүүлж байсан ч ажилтнууд эрс эсэргүүцэж байна.
Шуудангийн алба цаашдын алхмаа нэгдүгээр сард бүрэн эрхээ авах Ардчилсан намын олонхтой шинэ Конгрессоос хүлээж байна.



