OpenAI хиймэл оюун ухааны туслахаар хэрэглэгчийн өмнөөс худалдан авалт хийлгэх ChatGPT Wallet үйлчилгээ нэвтрүүллээ
Эхний шатанд АНУ-ын 18-аас дээш насны Pro захиалагчид ашиглах боломжтой.

OpenAI компани “dots” хэмээх хиймэл оюун ухааны туслахаараа хэрэглэгчийн өмнөөс худалдан авалт хийлгэх боломжтой ChatGPT Wallet төлбөрийн шинэ үйлчилгээгээ Баасан гарагт танилцууллаа.
Үйлчилгээг Visa, Mastercard болон American Express-тэй хамтран бүтээсэн бөгөөд картын эзэмшигчид одоо эдэлж буй урамшуулал, хамгаалалтаа хадгалах боломжтой. Хэрэглэгч картын мэдээллээ нэг удаа оруулаад туслахдаа худалдан авах бараагаа хайлгана. Худалдан авалт бүрийг аюулгүй байдлын шалгалтаар баталгаажуулдаг.
OpenAI-ийн хэлснээр туслахууд хэрэглэгчийн картын мэдээлэлд хэзээ ч хандахгүй. Харин төлбөрийн сүлжээнүүд тухайн гүйлгээнд зориулсан картын дугаар, хамгаалалтын код, дуусах хугацаа бүхий “төлбөрийн токен” олгох юм.
“Бидний зорилго бол худалдаа эрхлэгчид, сүлжээний түншүүддээ анхаарч, аюулгүй, хэрэглэхэд хялбар бат суурь тавих явдал” гэж OpenAI-ийн төлбөр, орлогын бүтээгдэхүүн хариуцсан Чая Наяк CNBC-д ярилцлага өгөхдөө хэлжээ.
Энэ нь хуанли зохицуулах, аялал захиалах зэрэг өдөр тутмын ажилд хувийн хиймэл оюун ухааны туслах ашиглах хэрэглэгч олширч буй үетэй давхцаж байна. OpenAI “dots” туслахуудаа есдүгээр сарын сүүлээр хөгжүүлэгчдийн жил бүрийн хурлынхаа үеэр танилцуулсан юм.
Энэ үйлчилгээ ирээдүйд OpenAI-ийн орлогын шинэ эх үүсвэр болж мэдэх ч эхний үед гүйлгээнээс шимтгэл авахгүй гэдгээ компани мэдэгджээ.
OpenAI сүүлийн жилд хиймэл оюун ухаанд суурилсан худалдаагаа өргөжүүлсэн ч эхний зарим оролдлого нь амжилт олоогүй. Өнгөрсөн намар нэвтрүүлсэн “Instant Checkout” функцээсээ удалгүй татгалзаж, гуравдугаар сар гэхэд бараа хайж харьцуулахад хялбар шинэчилсэн худалдааны үйлчилгээ гаргасан байна.
Үйлчилгээг зориуд хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлж байгаа нь “бүх зүйл зөв ажиллаж байгаа эсэхийг шалгах зөв арга” гэж American Express-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Лүк Гебб хэлжээ.
Гуравдугаар улирлын эцсийн байдлаар ChatGPT долоо хоногт 1.2 тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгч, бараг 100 сая төлбөрт захиалагчтай байжээ.
Худалдаа эрхлэгчид хувийн хиймэл оюун ухааны туслахуудын өсөлтөд дасан зохицож байгаа ч зарим компани эдгээр туслахаас бүрмөсөн татгалзжээ. United Airlines туслахуудыг тасалбар захиалах системдээ нэвтрүүлэхгүй гэдгээ Лхагва гарагт мэдэгдсэн бол Amazon туслахуудад өөрийн платформоос бараа худалдан авах боломж олгодоггүй.
“Бүх сайтууд дээр энэ туршлагыг үнэхээр гайхалтай, саадгүй болгох зөв дэд бүтэц бүрдүүлэхэд цаг хугацаа шаардагдана” гэж Наяк хэлэв.



