Хар тамхитай тэмцэх нууц ажилтан асан: Албанийн бүлэглэлүүд АНУ-д нэвтэрч байна
Кокаины үнэ буурч, цэвэршлийн түвшин нь нэмэгдэж байгаа нь зах зээл өөрчлөгдөж буйн шинж гэж нууц ажилтан асан үзэж байна.

Албанийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд Америкийн хар тамхины наймаанд нэвтэрч байгаа бөгөөд цаашид тус улсын кокаины зах зээлд нөлөөгөө тэлж магадгүй гэж хар тамхитай тэмцэх нууц ажилтан асан Нил Вудс анхааруулжээ.
Албанийн гэмт хэрэгтнүүд АНУ-д ч “хүчтэй нэвтэрсэн” гэж Их Британид 14 жил хар тамхины бүлэглэлд нууцаар нэвтэрч ажилласан Вудс Newsweek-д хэлсэн байна.
Тэрбээр Их Британид Албанийн бүлэглэлүүд кокаины наймааны гол тоглогч болсныг жишээ болгон дурдаж, кокаины үнэ буурч, цэвэршлийн түвшин нэмэгдэж буй нь зах зээл өөрчлөгдөж байгаагийн шинж гэж онцолжээ.
“Тэдний нэвтрэлт үндсэндээ дэлхий даяар, тэр дундаа АНУ-д явагдаж байна. АНУ-д ч бусад газрын адил үнэ буурч, цэвэршилт нэмэгдсэн. Яагаад гэвэл энэ үндэстэн дамнасан хамтын ажиллагаа үр ашгийг бий болгосон” гэж Вудс хэлэв.
Албанийн гэмт бүлэглэлүүд АНУ-д шинэ зүйл биш. 2013 онд Нью-Йоркийн холбооны прокурорууд олон улсын Албанийн гэмт хэргийн сүлжээний 49 гишүүн, хамсаатныг хар тамхины наймааны хэргээр ялласнаа зарласан юм.
Хууль зүйн яамны мэдээллээр, гурван тивд үйл ажиллагаа явуулж байсан тус сүлжээ Мексик, Өмнөд Америкаас авсан кокаиныг АНУ-ын хэд хэдэн мужид түгээж байжээ.
“Америк тивийг энэ асуудалд холбож буй чухал холбоос бол Албани, Бразилийн зохион байгуулалттай гэмт хэрэг. Боловсруулалт, логистикийн ихэнх нь одоо Бразилаар дамждаг бөгөөд АНУ бол тэндээс очих олон газрын нэг. Зах зээл зөвхөн өссөөр байна” гэж Вудс нэмж хэлжээ.
АНУ-ын Хар тамхитай тэмцэх газрын 2025 оны тайланд дурдсанаар, бөөний түвшинд шинжилсэн кокаины дундаж цэвэршлийн түвшин 2023 онд 86 хувь байсан бол 2024 онд 88 хувьд хүрчээ.
Вудс ийнхүү сэрэмжлүүлсэн нь Sky News телевизийн шинэ баримтат киноны нээлтийн өмнөхөн болсон юм. Уг кино тус телевизийн Их Британи дахь Албанийн гэмт сүлжээний талаар жилийн турш хийсэн сурвалжлагад тулгуурласан байна.
Нууцаар ажилласан сэтгүүлчид TikTok дээр хар тамхи зарах ажлын зар олноор илрүүлж, кокаин зарж өдөрт 280 фунт стерлинг (373 ам.доллар) авах ажлын санал авчээ.
“Яг л томоохон корпораци ажилтан авахаар зар тавьж буй мэт” гэж Их Британид Албанийн бүлэглэлийн эсрэг нууц ажиллагааг анх санаачлагчдын нэг, цагдаа асан Дэвид Маккелви хэлсэн байна.
Сурвалжлагчдын илрүүлснээр, бүлэглэлүүд худалдан авагчдын холбоо барих мэдээлэл бүхий тусгай гар утсаар наймаагаа явуулдаг бөгөөд ийм утсыг олон нийтийн сүлжээнд 300 мянган фунт (400 мянган ам.доллар) хүртэлх үнээр зарж байна.
“Энэ бол хохирогчгүй гэмт хэрэг биш. Нэг худалдан авалтын цаана мөлжигдсөн, эмзэг хүмүүс, хүчирхийллийн бүхэл бүтэн түүх бий” гэж UK Finance байгууллагын санхүүгийн гэмт хэргийн захирал Кэтрин Уэстмор хэлжээ.
Уг баримтат кино арваннэгдүгээр сарын 13-ны үдээс хойш 4 цагаас (АНУ-ын зүүн эргийн цагаар) Sky News сувгаар гарч эхэлсэн.



