Эдийн засаг

Шинжээчид: Женсен Хуан огцорсны дараа Nvidia-гийн шинэ гүйцэтгэх захиралд хүнд сорилт тулгарна

Apple, Alphabet, Uber үүсгэн байгуулагчаа явсны дараа ч амжилттай ажилласаар ирсэн бол Nvidia-д энэ шилжилт илүү хүнд тусна гэж шинжээчид үзэж байна.

CNBC3 мин унших

Зураг: CNBC

Nvidia-г 33 жил удирдаж, дэлхийн хамгийн үнэтэй компани болгосон Женсен Хуан гэнэт огцорсноор түүний залгамжлагчид онцгой хүнд сорилт тулгарна гэж шинжээчид үзэж байна.

Хуан гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэх мэдээлэл гарч байх үед Пүрэв гарагт огцорчээ. Тэдгээр эмэгтэйн нэгийг АНУ-ын тагнуулынхан Хятадын тагнуулч гэж үздэг.

Удирдах зөвлөл шинэ гүйцэтгэх захирал хайж байх хооронд санхүү хариуцсан захирал Колетт Кресс гүйцэтгэх захирлын үүргийг түр гүйцэтгэнэ. Хуаны увидас, тэмүүллийг өөр хүн орлоход хэцүү гэж шинжээчид үзэж байна.

“Дэлхийн хамгийн том компаниудын нэгийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал нь дуулианы дунд ийм гэнэт албан тушаалаа орхих тохиолдлыг бид урьд нь харж байсан эсэхийг би мэдэхгүй” гэж Нотр Дамын их сургуулийн Мендоза бизнесийн сургуулийн менежментийн профессор Майкл Уизерс хэлжээ.

Хуаныг залгамжлах хүнд үүсгэн байгуулагчийг орлож буй ердийн удирдагчид тулгардгаас хамаагүй их бэрхшээл тулгарна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Стив Жобс 2011 онд огцроход Apple-ийн нэр хүнд түүнтэй салшгүй холбоотой байв. Гэхдээ Nvidia-гаас ялгаатай нь Apple-ийг өмнө нь өөр хүмүүс ч удирдаж байсан бөгөөд компани дотоод залгамжлагчтай байсан юм.

Тим Кук гүйцэтгэх захирал болохоос өмнө “нэлээд бэлтгэл” хийсэн гэж Уизерс хэлжээ. Кукийн удирдсан 15 жилд Apple-ийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум орчим ам.доллараас 4 их наяд ам.доллар болж өсчээ.

Ларри Пэйж, Сергей Брин нар Google-ийг үүсгэн байгуулснаас хойш 21 жилийн дараа буюу 2019 онд Alphabet-ийн удирдах албан тушаалаас гарсан юм. Тэдний явах нь урьдаас тодорхой байсан бөгөөд Сундар Пичайн удирдлага дор Alphabet-ийн хувьцаа 300 гаруй хувиар өсжээ.

Трэвис Каланик 2017 онд хэд хэдэн дуулиан, засаглалын асуудлаас болж шахалтад орсны эцэст Uber-ээс явсан байна. Гэвч түүнийг явахад хэдэн сар зарцуулагдсан бөгөөд энэ нь “Nvidia-д одоо тулгараад буй байдалтай харьцуулшгүй” гэж Уизерс хэлжээ.

“Компанийг үүсгэн байгуулагчтай холбоотой ийм шуугиан тарьсан дуулианы дараа удирдлага солигдох нь хамаагүй хэцүү болдог” гэж профессор тайлбарлав.

Хуан 60 удирдах ажилтныг шууд өөртөө харьяалуулдаг байв. Энэ нь олон шатлалаас илүү шуурхай харилцааг эрхэмлэдэг хавтгай бүтцийн нэг хэсэг юм.

Уизерсийн хэлснээр, Nvidia Хуаны залгамжлагчийг бэлтгэх төлөвлөгөөгүй байсан бололтой. Шинэ удирдагч Хуаны сүүдрээс гарахын зэрэгцээ түүний үйлдлээс үүдсэн дуулиан компанийг хэр зэрэг дагахтай нүүр тулах болно.

Хуан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ойр харилцаатай байсан бөгөөд тавдугаар сард Трампыг дагалдан Хятадад очжээ. Тэрбээр Nvidia-гийн чипийг Хятадад худалдахыг хориглосон экспортын хязгаарлалтыг сулруулахыг АНУ-аас байнга шаардаж байв.

Мөн SK Hynix-ээс Samsung хүртэлх гол нийлүүлэгчдийн удирдлагатай ойр харилцаа тогтоосон байв. Компанийн соёлыг өөрчлөх, нийлүүлэлтийн сүлжээг удирдах нь хоёр гол тэргүүлэх чиглэл гэж Nvidia-д хөрөнгө оруулдаг Liontrust Asset Management-ийн Сторм Уру хэлжээ.

Хуан явсан нь нөлөөлөхгүй ойрын хэдэн жилийн бүтээгдэхүүний төлөвлөгөө шинэ гүйцэтгэх захиралд бэлэн байгааг хөрөнгө оруулагчид тэмдэглэж байна.

Хуаныг огцруулах шахалт нэмэгдэж байх үед Advisors Capital Management-ийн хамтрагч Жоанн Финни Пүрэв гарагт “Бид Женсенээс цааш харах хэрэгтэй... мянга мянган инженер бий” гэж хэлжээ.

Бусад мэдээ