Цагдаагийн дарга: Жонбенет Рэмсийн хэргийн нотлох баримтыг шинэ технологиор дахин шинжилж байна
ДНХ-ийн технологи хөгжсөн тул хэрэг илрэх найдвар нэмэгдсэн гэж прокурор үзэж байна.

Колорадо мужийн Боулдер хотын мөрдөн байцаагчид Жонбенет Рэмсийн хүн амины хэргийн олон арван жилийн өмнөх нотлох баримтыг шинэ технологиор дахин шинжилж байгааг хотын цагдаагийн дарга Стив Редферн мэдэгдлээ.
“Мөрдөн байцаалт ахиж, технологи хөгжсөн тул Дарга Редферн бид хоёр өмнөхөөсөө илүү найдлагатай байна. ДНХ цаг хугацааны явцад хэр зэрэг хөгжсөнд үндэслэн би ингэж хэлж байна” гэж Боулдер дүүргийн прокурор Майкл Догерти энэ долоо хоногт болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд хэлжээ.
Генетикийн шинжилгээний дүнг удам угсааны судалгаатай хослуулж хэрэгт холбогдож болзошгүй хүмүүсийг тодорхойлдог харьцангуй шинэ арга бий. Жонбенетийн эцэг Жон Рэмси энэ аргаар хэргийг шийдэхийг эрх баригчдаас олон жил хүссээр ирсэн.
Жонбенетийг 1996 оны арванхоёрдугаар сарын 26-нд гэрийнх нь зоориноос боомилуулсан, толгойдоо гэмтэл авсан байдалтай олсон юм. Олон жилийн турш сэжигтэн байж мэдэх хэд хэдэн хүн, онолыг шалгасан ч хэн ч ял аваагүй. Энэ нь Америкийн хамгийн алдартай шийдэгдээгүй хэргүүдийн нэг хэвээр байна.
Боулдерт хуучин хэргийг дахин хянах зөвлөл байгуулагджээ. Орон нутгийн цагдаа, мужийн болон холбооны мөрдөн байцаагчид хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
“Энэ нууц биш. Бид мөн тэр хянан шалгалтад үндэслэн 30 жилийн өмнө шинжилсэн зүйлсээ шинэ технологиор дахин шинжилж байна” гэж Редферн энэ долоо хоногийн эхээр сэтгүүлчдэд хэлэв.
Шинэ шинжилгээ 2025 оны намраас эхэлснийг гэр бүлийнхэн энэ жил мэдсэн гэж Жонбенетийн эцэг нэгт ах Жон Эндрю Рэмси өмнө нь Fox News Digital-д хэлж байсан. Редферн үүнийг баталсан бололтой.
“Үүнээс ямар нэг зүйл гарч магадгүй. Алдсан гэсэн үг биш, гэхдээ технологи хангалттай сайжирсан байж магадгүй тул энэ зүйлийг ’97 онд шинжилсэн, одоо дахин шинжилж байна, хараарай, ’97 онд алдсан зүйлийг олчихлоо гэж болно” гэж Редферн хэлжээ.
Технологи хурдацтай хөгжсөнөөр холимог дээжинд агуулагдах ДНХ-ийн профайлыг тодорхойлох чадвар улам сайжирч байгааг Догерти онцолжээ. Хоёр болон түүнээс дээш хүний ДНХ нэг гадаргуу дээр үлдсэн бол лабораторийнхан эхлээд тэдгээрийг ялгах шаардлагатай бөгөөд энэ үйл явц нотлох баримтыг, ялангуяа дээж бага байвал устгаж мэднэ гэж тэрбээр тайлбарлажээ.
“Дарга Редферний үгээр хэлбэл, бид үүнийг хайнга хийхгүй. Бид бас тээнэгэлзэхгүй. Цаг хугацаа гүйж байгааг бид ойлгож байна. Бидний хэн нь ч мөнхөд байхгүй. Энэ хэргийг холбогдсон, нөлөөлөлд өртсөн бүх хүний төлөө шийдэгдэхийг бид хүсч байгаа бөгөөд үүнд бүрэн зорьж байна” гэж Догерти хэлсэн байна.
Шинэ ДНХ шинжилгээ үр дүн өгөхгүй бол мөрдөн байцаагчид олон нийтэд өмнө нь ил болгоогүй нэмэлт нотлох баримтуудыг нийтэлж, хэн нэгэн мэдээлэл өгөх болов уу гэж найдаж болно хэмээн Редферн хэлжээ.
“Ямар нэг зүйл мэддэг хүн нэгээс олон байгаа” гэж тэрбээр нэмж хэлэв.



