Дэлхий

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний гурав дахь нисэх онгоц тээгч хөлөг Ойрхи Дорнодод ирэв

Ираны зүүн өмнө зүгт одоо АНУ-ын гурван нисэх онгоц тээгч цохилтын бүлэг байрлаж байгааг Axios мэдээлжээ.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Атомын хөдөлгүүрт USS Theodore Roosevelt нисэх онгоц тээгч хөлөг АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын (CENTCOM) Ойрхи Дорнод дахь хариуцлагын бүсэд оржээ. Энэ тухай Axios порталын сэтгүүлч Барак Равид Америкийн нэгэн албан тушаалтнаас иш татан мэдээлснийг Интерфакс агентлаг 11 дүгээр сарын 16-нд дамжуулав.

Түүнийг ирснээр Ираны зүүн өмнө зүгт АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний гурван нисэх онгоц тээгч цохилтын бүлэг байрлаж байна. Axios-ын тэмдэглэснээр энэ нь Ирантай долоон сар гаруй үргэлжилж буй дайны үеэр АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний бүс нутаг дахь бүрэлдэхүүн ер бусын өндөр түвшинд байгааг харуулж байна.

Ирсэн гурав дахь бүлэгт нисэх онгоц тээгчээс гадна USS Chosin пуужингийн крейсер, USS Paul Hamilton болон USS Decatur гэсэн хоёр эсминец, мөн радиоэлектрон тагнуул хийх, усан гадаргуу болон усан доорх нөхцөл байдлыг ажиглах, эрт сэрэмжлүүлэх зориулалттай Seahawk дунд оврын хүнгүй хөлөг (MUSV) багтжээ.

Ираны зүүн өмнө зүгт, Арабын тэнгисийн бүсэд одоогоор USS George Washington, USS George Bush нисэх онгоц тээгчид байлдааны жижүүрт байгаа бөгөөд тус бүр дээр 48 сөнөөгч онгоц байрладаг. Тэдэнтэй хамт Ираны ойролцоо крейсер, пуужингийн 11 эсминец, USS Miguel Keith экспедицийн тэнгисийн бааз байрлаж байна. Мөн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хоёр эсминец Улаан тэнгист, өөр дөрөв нь Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт байгаа юм.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүрээлэнгийн мэдээллээр USS Theodore Roosevelt нь 8 дугаар сарын 19-өөс хойш Ойрхи Дорнодод байгаа USS George Washington нисэх онгоц тээгчийг сэлгэх төлөвтэй. АНУ бүс нутагт гурван нисэх онгоц тээгч бүлгийг тодорхой хугацаанд зэрэг байлгах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Бусад мэдээ