Бээжингийн квир кино наадам цагдаагийн дарамтын улмаас цуцлагджээ
Хятадын төр феминист, ЛГБТК+ сэдвээрх нээлттэй хэлэлцүүлэгт улам үл тэвчих болсныг шинжээчид онцолж байна.

Хятадын нийслэлд баасан гарагт эхлэх байсан Бээжингийн бие даасан квир кино наадмыг эрх баригчдын удаан үргэлжилсэн дарамтын улмаас цуцалжээ. Энэ тухай Гардиан сонин мэдээлэв.
Зохион байгуулагчид пүрэв гарагийн орой Инстаграмд нийтэлсэн мэдэгдэлдээ Хайр квир кино долоо хоног цуцлагдсаныг харамсалтайгаар мэдэгдэж, оролцохоор төлөвлөж байсан хүмүүсээс уучлалт гуйсан байна.
Мэдээллээр, сүүлийн долоо хоногуудад цагдаа удаа дараа утсаар холбогдож наадамд дарамт үзүүлж байжээ.
Наадмыг 2001 онд Бээжингийн их сургуулийн хэсэг оюутан үүсгэн байгуулсан бөгөөд эх газрын Хятадад ЛГБТК+ асуудлыг хөндсөн кино, хэлэлцүүлгийг олон нийтэд хүргэдэг цорын ганц наадам болон өргөжжээ.
“Ши Жиньпиний удирдлага дор Хятадын засгийн газар нийгэм, үзэл суртлын хяналтаа тасралтгүй чангатгаж байгаа тул нам-төрөөс зөвшөөрөөгүй аливаа үйл ажиллагаа улам хатуу хяналт, албаны дарамтад өртдөг” гэж Хүний эрхийн ажиглагч байгууллагын Азийн хэлтсийн дэд захирал Майя Ван хэлжээ.
Хятадын хамгийн нэр хүндтэй бие даасан кино наадам болох Бээжингийн бие даасан кино наадмыг 2014 онд эрх баригчид үүсгэн байгуулагчдыг нь баривчилж, цахилгааныг нь тасалснаар хаасан юм. Өнгөрсөн жил Нью-Йоркт болох байсан Хятадын бие даасан кино наадам ч Хятадын эрх баригчдын дарамтаар цуцлагдсан.
Энэ оны зургадугаар сард Бээжин дахь Францын соёлын төвд бахархлын сарын хүрээнд гаргах байсан ЛГБТК+ сэдэвтэй киноны үзүүлбэрүүд цагдаагийн дарамтаар цуцлагдсан байна.
Дарамт нэмэгдсэн ч наадам эрэлттэй хэвээр байсан бөгөөд өнгөрсөн жил 200 сайн дурын ажилтан бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн нь 2024 оныхоос дөрөв дахин их байжээ. Бээжингийн Олон нийтийн аюулгүй байдлын товчооноос тайлбар авах боломжгүй байв.



