Камеруны гэр бүлүүд Украинд Оросын төлөө тулалдахаар явсан төрөл төрөгсдөө эх оронд нь буцаахыг шаардав
Ажлын байр амласан нууц сүлжээгээр Орос руу явсан залуус фронтын шугамд хүрсэн гэж ар гэрийнхэн нь ярьж байна.

Камеруны Хөвгүүд, ах дүүсээ буцааж ав хэмээх бүлэг Камеруны иргэдийг Оросын армид элсүүлж буй нууц сүлжээг устгахыг Орос, Камеруны засгийн газруудаас шаардаж, лхагва гарагт нийслэл Яундед Оросын элчин сайдын яам руу тайван жагсаал хийжээ. Энэ тухай Евроньюс мэдээлэв.
“Энэ жагсаал нь найрсаг хоёр улсын анхаарлыг татаж, Камеруныг хөвгүүдээс нь салгасаар буй нууц сүлжээг устгахад бүх хүчээ дайчлахыг уриалах зорилготой” гэж бүлгийн үүсгэн байгуулагчдын нэг Пол Сильвен Иеде хэлжээ.
Кэтрин Жок гал тогоонд ажиллана гэж бодоод Орос руу явсан нөхрөөсөө бараг жилийн турш сураг сонсоогүй байгаа аж. Тэрээр нөхрийнхөө цогцсыг хараагүй тул амьд гэдэгт итгэж, үнэнийг мэдэхийг хүсч байгаагаа хэлжээ.
Таван хүүхдийнхээ хамгийн бага хүүгээ алдсан Нгонг Сан Жомби хүүгээ ямар ч байдалтай байсан буцааж өгөхийг шаардаж, цогцсыг нь хараагүй тул оршуулгын ёслол хийхээс татгалзсан гэв.
Бүх нүд Вагнерт хэмээх бүлгийн тайланд дурдсанаар, дор хаяж 1,417 африк хүнийг Оросын армид элсүүлж, тэдний 300 гаруй нь амь үрэгджээ.
Орост ажилтай болно гэж амлуулсан эдгээр залуус 2022 оны хоёрдугаар сард Орос бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлсэн Украины фронтын шугамд хүрсэн байна.



