Берлинд Nius сайтын ерөнхий редактор Юлиан Райхельтийн машиныг шатаажээ
Райхельт машиныхаа галдан шатаалтыг “зүүний хэт даврагчдын” ажил гэж мэдэгдэж байгаа ч гэмт хэргийн сэдэл тодорхойгүй байна.
Берлиний Шарлоттенбург дүүрэгт арваннэгдүгээр сарын 13-ны шөнө Nius сайтын ерөнхий редактор Юлиан Райхельтийн BMW машиныг шатаасныг тус хэвлэл мэдээлжээ.
Цагдаа санаатай галдан шатаасныг баталж, шөнийн хоёр цагийн орчим хажуугаар өнгөрч явсан нэгэн хүн мэдээлсэн гэж нэмж хэлсэн ч машины эзний нэрийг дурдаагүй. Гэмт хэргийн сэдэл тодорхойгүй байна.
Урьдчилсан мэдээллээр гал унтраах үеэр нэг гал сөнөөгчийг гудамжинд машин мөргөж, хөнгөн гэмтээжээ.
Райхельт өөрөө гэмтээгүй. Тэрбээр энэ галдан шатаалтыг санаатай халдлага хэмээн, “зүүний хэт даврагч үзлийг эсэргүүцэж буй шинэ чөлөөт хэвлэл мэдээллийг айлган сүрдүүлэх оролдлого” гэж тодорхойлжээ.
“Энэ бол удахгүй Берлиний Улаан ратушад суух зүүний хэт даврагч үзлийн нүүр царай. Энэ бол [Берлиний хотын даргад нэр дэвшигч] Элиф Эральпын үзэл санааны нөхөд” гэж Райхельт нэмж хэлэв.
Райхельтийн машиныг шатаасныг Германы төлөө альтернатив (AfD) намын дарга Алис Вайдель “хэвлэлийн эрх чөлөө, шүүмжлэлт сэтгүүл зүйн эсрэг ил халдлага” хэмээн нэрлэв. “Тааламжгүй хэвлэлийг айлгахыг хүсч буй хэн ч бай ардчиллын үндсэн зарчимд халдаж байна” гэж тэрбээр бичжээ.
Райхельт өмнө нь Bild сонины ерөнхий редактор байсан. Германы хэвлэлүүд “баруун популист”, “баруун консерватив” гэж нэрлэдэг Nius интернет хэвлэлийг тэрбээр 2023 оноос хойш удирдаж байна. Tagesspiegel-ийн тэмдэглэснээр, Nius сайт сэтгүүл зүйн стандарт зөрчсөн гэж байнга шүүмжлэлд өртөж, хэд хэдэн томоохон дуулианы төвд орж байжээ.

