ОУАЭА Ираны уран баяжуулах дөрөв дэх байгууламжийн байршил, байдлыг мэдэхгүй байна
Иран 60 хувь хүртэл баяжуулсан 440.9 кг уран эзэмшиж байгааг ОУАЭА мэдээлжээ.

Ираны уран баяжуулах дөрөв дэх байгууламжийн яг байршил, байдлын талаар байцаагчдад мэдээлэл байхгүй гэж Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) гишүүн орнууддаа Баасан гарагт тараасан улирлын тайландаа дурджээ.
Тегераны мэдээллээр, уг байгууламжийг АНУ, Израиль өнгөрсөн жил Ираны цөмийн гурван төвд цохилт өгөхөөс өмнө Исфахан хотод барьсан байна. Байгууламж ажиллаж байгаа эсэх, тэнд цөмийн материал байгаа эсэхийг байцаагчид мэдэхгүй байна.
Иран өндөр баяжуулсан ураныхаа ихэнхийг Исфахан дахь байгууламжийнхаа газар доорх хонгилын цогцолборт хадгалдаг гэж ОУАЭА тэмдэглэжээ.
ОУАЭА энэ тайландаа Иран ураныг 60 хувь хүртэл баяжуулж байгаа нь цөмийн зэвсгийн түвшинд хүрэх алхам гэсэн өмнөх дүгнэлтээ баталжээ. Исфахан дахь байгууламжид нэвтрэх боломжгүй байгаад ОУАЭА санаа зовж байна. Энэ нь өнгөрсөн жилийн ажиллагааны үеэр “устгагдсан” гэж АНУ мэдэгдэж байсан гурван байгууламжийн нэг юм.
Агентлаг хиймэл дагуулын зурагт “U-235-аар 20 хувь, 60 хувь хүртэл баяжуулсан (уран) хадгалагдаж байсан Исфахан дахь хонгилын цогцолборын орцонд автомашины тогтмол хөдөлгөөн” бүртгэгдсэнийг онцолж, яаралтай шалгалт хийх шаардлагатайг тэмдэглэжээ.
Агентлагийн мэдээллээр Иранд 60 хувийн баяжуулалттай нийт 440.9 кг уран бий.
