Эрчим хүч

Дэлхийн банк энэ онд эрчим хүчний үнэ 32 хувиар өснө гэж таамаглажээ

The NationalKyle Fitzgerald2 мин унших

Зураг: The National

Ойрхи Дорнод, Украин дахь мөргөлдөөний улмаас энэ онд эрчим хүчний үнэ 32 хувиар өсч, олон төрлийн түүхий эдийн үнийг өсгөн инфляцийг улам дордуулж болзошгүй гэж Дэлхийн банк лхагва гарагт мэдэгджээ. Энэ тухай Зэ Нэшнл сонин мэдээлэв.

Дэлхийн банкны түүхий эдийн зах зээлийн шинэ тойм тайланд эрчим хүчний үнийн өсөлт, Хар тэнгисээр дамжих үр тарианы тээвэр тасалдсанаас болж 2026 онд дэлхийн түүхий эдийн үнэ 23 хувиар өснө гэж таамаглажээ.

Брент газрын тосны дундаж үнэ 2025 онд баррель тутамд 69 ам.доллар байснаас энэ онд 91 ам.доллар болж, 2027 онд 79 ам.доллар хүртэл буурна гэж тооцоолжээ. Лхагва гарагт энэ жишиг газрын тос баррель тутамд ойролцоогоор 115 ам.доллараар арилжаалагдаж байв.

«Түүхий эдийн зах зээлд хэд хэдэн томоохон цочрол зэрэг нөлөөлж байна. Эрчим хүчний зардал өсч, худалдаа тасалдсан нь олон төрлийн түүхий эдийн үнийг өсгөж, инфляци, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлтөд заналхийлж байна» гэж Дэлхийн банкны ерөнхий эдийн засагчийн орлогч Айхан Косе хэлжээ.

Тайлангийн мэдээлснээр 2026 онд дэлхийн газрын тосны нийлүүлэлт 5.2 хувиар буурах нь 1980-аад оны газрын тосны хоригоос хойших хамгийн том бууралт болох юм. Ойрхи Дорнодын экспорт тасалдсанаас Европын байгалийн хийн үнэ бараг 60 хувиар өсөх төлөвтэй аж.

Дэлхийн банк Ираны дайнд нэрвэгдсэн 25 оронд одоогоор 8.7 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ. Эдийн засгийн сөрөг үр дагавар үргэлжилбэл дэмжлэгээ 80 тэрбумаас 100 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэж банк мэдэгдсэн байна.

Металл, ашигт малтмалын үнэ жилийн дүнгээр 25 хувиар өсч, 2026 онд шинэ дээд түвшинд хүрэх төлөвтэй. Бордооны дундаж үнэ 2026 онд 14 хувиар нэмэгдээд, 2027 онд эрчим хүчний зардал буурахын хэрээр 2025 оны түвшиндээ эргэн очих юм.

Бусад мэдээ