Коста-Рикагийн аварга том шорон анхны хоригдлуудаа хүлээн авчээ
Сальвадорын засгийн газрын тусламжтай баригдсан шорон 5100 хоригдол багтаах хүчин чадалтай юм.

Коста-Рикад шинээр нээгдсэн өндөр хамгаалалттай аварга том шорон анхны хоригдлуудаа хүлээн авчээ. Энэ тухай Аль Жазира мэдээлэв.
Коста-Рикагийн Хууль зүйн яам мягмар гарагт улбар шар хувцастай, үсээ хусуулсан 123 хоригдол толгойгоо гудайлган, гараа шилэн хүзүүндээ тавин сууж буй зургийг нийтэлжээ.
«Коста-Рика хорих байгууллагын түүхэндээ шинэ бүлгийг бичиж байна» гэж Хууль зүйн сайд Габриэль Агилар мэдэгдэлдээ дурджээ.
Зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг өндөр хамгаалалттай төв хэмээх шинэ шорон нь Ерөнхийлөгч Лаура Фернандесийн засаг захиргааны гэмт хэрэгт хатуу хандах бодлогын бэлгэдэл болжээ. Сальвадорын засгийн газрын тусламжтайгаар нийслэл Сан Хосегийн захад 35 сая ам.доллараар барьсан шоронг Фернандес аравдугаар сарын 15-нд нээсэн байна.
Агиларын хэлснээр 5100 хоригдол багтаах хүчин чадалтай шорон нь тус улсын нийт хоригдлын 20 хувьтай тэнцэх бөгөөд хорих байгууллагуудын хэт ачааллыг бууруулахад тусална.
Латин Америкийн хамгийн аюулгүй орнуудын нэг гэгддэг байсан Коста-Рикад сүүлийн жилүүдэд хар тамхины наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой хүчирхийлэл огцом нэмэгджээ. Тус улсад 2023 онд дээд амжилт болох 905, 2024 онд 876, 2025 онд 873 хүн амь насаа алдсан хүн амины хэрэг бүртгэгдсэн байна.
Эрх баригчид хүн амины хэргийн ихэнхийг хар тамхины зам, зах зээлийн төлөөх гэмт бүлэглэлүүдийн маргаантай холбон тайлбарладаг. Латин Америкийн бусад орны баруун жигүүрийн удирдагчид ч аварга шоронгийн загварыг давтахыг оролдож байна.



