Нийгэм

НҮБ-ын шинжээчид Францын оюутны жагсаалыг тараахад хэт их хүч хэрэглэсэнд түгшиж байна

Голдуу насанд хүрээгүй хэдэн мянган хүнийг баривчилсан нь үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсах эрх чөлөөг хязгаарлаж байна гэж шинжээчид үзжээ.

Al Jazeera2 мин унших

Зураг: Al Jazeera

НҮБ-ын шинжээчид саяхан Франц даяар болсон оюутны жагсаалыг тараахдаа тус улсын эрх баригчид хэт их хүч хэрэглэсэнд түгшүүр илэрхийлжээ. Энэ тухай Аль Жазира мэдээлэв.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс бүрэн эрх олгосон дөрвөн шинжээч лхагва гарагт мэдэгдэл гаргажээ. «Голдуу насанд хүрээгүй хэдэн мянган хүнийг баривчилж, саатуулсан нь хэт хэмжээнээс хэтэрсэн бөгөөд жагсагчдыг үзэл бодлоо илэрхийлэх, тайван цуглаан хийх эрх чөлөөгөө эдлэхээс айлгаж байна» гэж тэд онцолжээ.

Мэдэгдэл гаргагчдын дунд тайван цуглаан хийх эрх чөлөөний асуудал хариуцсан тусгай илтгэгч Жина Ромеро, соёлын эрхийн асуудлаарх шинжээч Фарида Шахид нар багтжээ.

Францад есдүгээр сарын дунд үеэс оюутны жагсаал үргэлжилж байна. Жагсаал эхэндээ ахлах сургуулийн барилга муудсан, анги дүүрсэн, багш нар ирэхгүй байгаа зэрэг нөхцөлөөс үүдэлтэй байсан ч дараа нь амьжиргааны өртөг өссөнийг эсэргүүцсэн улсын хэмжээний жагсаалтай нэгдэж, захын хэсэгт үймээн, дээрэм гарчээ.

Дотоод хэргийн яамны мэдээлснээр бямба гарагт улс даяар 410 мянган хүн жагсахад засгийн газар 70 мянган хамгаалалтын албан хаагч гаргаж, 1000 хүнийг баривчилсан байна. Үүнээс долоо хоногийн өмнө олон нийтийн барилгуудыг сүйтгэж, хэдэн зуун бизнесийн газрыг дээрэмдэж, 2700 хүнийг баривчилсан юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар Франц санхүүгийн хүнд хямралд орж, төсвөө танахаар төлөвлөж, боловсролын төсөв буурсан учраас засгийн газар оюутнуудын шаардлагыг шийдэж чадахгүй байна. Хойд нутгийн Лилль хотод сургуулийн жагсагчид цагдаатай мөргөлдөх үеэр гранат дэлбэрч, нэгэн өсвөр насны хүүхэд гараа алдсан тохиолдол гарчээ.

НҮБ-ын илтгэгчид насанд хүрээгүй жагсагчдын хүнд, зарим тохиолдолд эдгэршгүй гэмтэл авсныг хүлээн зөвшөөрөх аргагүй гэж үзэж, Францын эрх баригчдаас цагдаагийн стратеги, үйл ажиллагаагаа иж бүрэн хянан үзэхийг уриалжээ. Шинжээчид энэ асуудлаар Францын эрх баригчидтай холбоотой ажиллаж байна.

Бусад мэдээ