Румыны шүүх хэт барууны улс төрч Калин Жоржескуг цагдан хорих хугацааг сунгажээ
Оросыг дэмжигч уг улс төрч өөрт нь холбогдох мөрдөн байцаалтыг улс төрийн захиалгатай гэж няцааж байна.

Румыны шүүх 1.1 сая еврогийн залилангийн хэргээр шалгагдаж буй хэт барууны улс төрч Калин Жоржескуг шүүх хурал хүртэл цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ. Энэ тухай Аль Жазира мэдээлэв.
Бухарестийн давж заалдах шатны шүүх Жоржескуг цагдаагийн хоригоос гэрийн хоригт 30 хоногоор шилжүүлэх тухай доод шатны шүүхийн аравдугаар сарын 13-ны шийдвэрийг хүчингүй болгосон байна. Ингэснээр тэрбээр арваннэгдүгээр сарын 27 хүртэл цагдаагийн хоригт үлдэнэ.
Прокурорын мэдээлснээр Жоржеску бусад хоёр сэжигтний хамт гадаадын санхүүгийн байгууллагаас 15 сая евро хүртэлх зээлийн шугам авахад тусална гэж Румыны нэгэн бизнесменд итгүүлж, түүнээс 1.1 сая евро авсан гэж үзэж байна. Жоржеску буруугаа хүлээгээгүй бөгөөд мөрдөн шалгалтыг улс төрийн сэдэлтэй гэж мэдэгджээ.
Хэвлэлийн мэдээлснээр олон зуун дэмжигч нь мөрдөн шалгалтыг эсэргүүцэн жагсаж, зарим нь лхагва гарагт Бухарестийн шүүхийн байранд нэвтэрч, түүнийг суллахыг шаардсан аж.
Оросыг дэмжигч Жоржеску 2024 оны арваннэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд хамгийн олон санал авсан юм. Гэвч Оросын хөндлөнгийн оролцооны тухай буруутгалын улмаас сонгуулийн дүн болон хоёрдугаар шатыг хүчингүй болгосон бол Москва хөндлөнгөөс оролцсоноо үгүйсгэжээ.
Үүний дараа Жоржескуг дахин нэр дэвшихийг хориглож, 2025 оны тавдугаар сард болсон давтан сонгуульд Европыг дэмжигч төвч үзэлтэй Никушор Дан ялсан.
Тусдаа хэргээр прокурорууд Жоржескуг сонгууль хүчингүй болсны дараа хүчирхийлэлд уриалсан, худал мэдээлэл тараасан, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулахыг оролдсон, 1930-аад оны фашист удирдагчдыг сурталчилсан гэж буруутгаж байна.
Румыны парламент энэ сард Европыг дэмжигч Лука Никулеску тэргүүтэй засгийн газрыг баталжээ. Өмнөх эвсэл тавдугаар сард задарснаас хойш тус улсад хэдэн сар улс төрийн мухардал үүссэн байв.



