Дубай Инвестментс охин компанийнхаа хувьцааг олон нийтэд санал болгож, 543 сая ам.доллар босгохоор зорьж байна
Энэ нь Арабын Нэгдсэн Эмират Улсад энэ онд анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгож буй компани бөгөөд хөрөнгө оруулагчдын сонирхлыг шалгах сорилт болох юм.

Нэшнл сонины мэдээлснээр, Дубайн хөрөнгийн биржид бүртгэлтэй Дубай Инвестментс конгломерат охин компани ДИП Холдингийнхоо 20 хувийг худалдаж, 543 сая ам.доллар орчим босгохоор зорьж байна. Энэ нь Арабын Нэгдсэн Эмират Улсад энэ онд анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгож буй тохиолдол юм.
Компанийн мягмар гарагт Дубайн санхүүгийн зах зээлд гаргасан мэдэгдлээр ДИП Холдинг 1.74 тэрбум ширхэг хувьцаа худалдана. Хувьцааны захиалга мягмар гарагт нээгдсэн бөгөөд 11 дүгээр сарын 3 хүртэл үргэлжилнэ. Компани эцсийн үнийг 11 дүгээр сарын 4-нд зарлах бөгөөд хувьцаа 11 дүгээр сарын 11-нээс биржид арилжаалагдаж эхлэх төлөвтэй байна. Худалдагч хувьцаа эзэмшигч Дубай Инвестментс захиалгын хугацаа дуусахаас өмнө санал болгох хэмжээг өөрчлөх эрхтэй гэж баримт бичигт дурджээ.
Энэ хэлцэл Арабын Нэгдсэн Эмират Улсын хувьцааны анхдагч зах зээлийн нам гүм байдлыг эвдэж байна. Арабын ертөнцийн хоёр дахь том эдийн засагтай тус улсад сүүлийн хэдэн жил Дубайн санхүүгийн зах зээл, Абу-Дабийн үнэт цаасны бирж тогтмол олон компанийг бүртгэж ирсэн. Харин Ойрхи Дорнодын бүс нутагт өнгөрсөн жил газрын тосны үнийн хэлбэлзэл, геополитикийн тогтворгүй байдлын улмаас энэ зах зээл саарсан.
Дилоджик компанийн мэдээллээр, бүс нутгийн компаниуд өнгөрсөн жил 61 удаа хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгож 7.1 тэрбум ам.доллар босгосон нь өмнөх жилийн 13 тэрбум ам.доллараас буурсан үзүүлэлт юм. Арабын Нэгдсэн Эмират Улсын компаниуд 2025 онд гурван удаа ийм арилжаа хийж нийт 1.1 тэрбум ам.доллар босгожээ. Бүс нутгийн эдийн засгийн эрч хүчийг ноцтой алдагдуулсан АНУ, Ираны дайн хөрөнгө оруулагчдын итгэлийг улам сулруулж, компаниуд хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох төлөвлөгөөгөө хойшлуулахад хүрсэн байна.
Сүүлийн хоёр жилд шинээр бүртгэгдсэн зарим компанийн хувьцааны гүйцэтгэл сул байсан тул ДИП Холдингийн арилжаа хөрөнгө оруулагчдын сонирхлыг шалгах сорилт болно. Компанийн удирддаг Дубай Инвестментс Парк нь Аль Мактумын олон улсын нисэх буудал, Жебел Али боомтын ойролцоо байрладаг бөгөөд 1,000 түрээслэгч, 5,700 туслах түрээслэгч, 150,000 гаруй оршин суугчтай. 1997 онд байгуулагдсан уг дүүрэгт агуулах, зочид буудал, дэлгүүр, сургууль, эмнэлэг байрладаг.
ДИП Холдинг хагас жил тутам мөнгөн ногдол ашиг хуваарилах бодлого баримтлахаар төлөвлөж байгаа бөгөөд 2026, 2027, 2028 оны санхүүгийн жилүүдэд жил бүр ногдол ашгаа нэмэгдүүлэхээр төсөөлжээ. Хувьцааг олон нийтэд санал болгосны дараах анхны ногдол ашгийг 2026 оны хоёрдугаар хагасын бүтэн хугацаанд тооцож, 2027 оны 4 дүгээр сард олгоно. Компанийн тооцоогоор санал болгож буй үнийн хүрээнд ногдол ашгийн өгөөж дээд үнээр 7.27 хувь, доод үнээр 7.60 хувь орчим байна.



