Элчин сайдын яаманд халдсан этгээдийг хатуу шийтгэхийг Хятад Японоос шаарджээ
Прокурорууд хутгатай элчин сайдын яаманд нэвтэрсэн гэх Японы офицер асанд 18 сарын хорих ял оноохыг хүсчээ.
Япон дахь Хятадын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч элчин сайдын яамны хашаанд хүчээр нэвтэрсэн этгээдийг хуулийн дагуу хатуу шийтгэж, хариуцлагаас мултруулахгүй байхыг Мягмар гарагт Японоос дахин шаарджээ. Энэ тухай Хятадын И Си Эн Эс сайт мэдээлэв.
Хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, алба хааж буй офицер хутгатай элчин сайдын яаманд нэвтэрч, хүчирхийллээр заналхийлсэн нь Хятадын бүрэн эрх, нэр төрд ноцтой халдаж, дипломат ажилтнуудын аюулгүй байдалд аюул учруулжээ.
Энэ нь Дипломат харилцааны тухай Венийн конвенцийг ноцтой зөрчсөн бөгөөд Японд хэт барууны үзлийн нөлөө газар авч, Өөрийгөө хамгаалах хүчний сахилга хангалтгүй байгааг илчилсэн гэж тэрбээр үзжээ.
Хятад Японыг бодит үйлдлээр алдаагаа засаж, нарийвчилсан мөрдөн шалгалт явуулж, Хятад болон олон улсын хамтын нийгэмд хариуцлагатай тайлбар өгөхийг уриалсан байна.
Энэ оны 3 дугаар сард хутга барин элчин сайдын яаманд нэвтэрсэн гэх Японы Өөрийгөө хамгаалах хүчний ажлаас халагдсан офицер Кодай Муратагийн хэргийн хоёр дахь шүүх хуралдаан Мягмар гарагт Токиогийн дүүргийн шүүхэд болжээ.
Прокурорууд Муратад 18 сарын хорих ял оноохыг хүссэн бол өмгөөлөгч нь торгуулийн ял хүссэн юм.