Хятадын нэхмэл, хувцасны экспорт эхний 10 сард 6.2 хувиар өсчээ
Гадаад эрэлт сэргэж, зарим захиалга эргэн ирснээр зөвхөн 10 дугаар сард экспорт жилийн дүнгээр 17.3 хувиар өсчээ.
Хятадын нэхмэл, хувцасны экспорт 2026 оны эхний 10 сард 259.06 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөнийг Хятадын Нэхмэл эдлэлийн импорт, экспортын худалдааны танхим Мягмар гарагт мэдэгджээ. Энэ тухай Хятадын И Си Эн Эс сайт мэдээлэв.
Нэхмэл эдлэлийн экспорт 6.4 хувиар өсч 125.22 тэрбум ам.долларт, хувцасны экспорт 6.1 хувиар өсч 133.84 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, 10 дугаар сарын өсөлтөд гадаад эрэлт ерөнхийдөө сэргэж, зарим захиалга эргэн ирсэн, өнгөрсөн оны мөн үеийн суурь харьцангуй бага байсан нь нөлөөлжээ. Тэд компаниудыг дизайн, судалгаа, брэнд бүтээхэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулахыг уриалсан байна.
Зөвхөн 10 дугаар сард нэхмэл, хувцасны экспорт 26.11 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 17.3 хувиар өссөн ч 9 дүгээр сараас 12 хувиар буурчээ. Үүнээс нэхмэл эдлэлийн экспорт 12.96 тэрбум ам.доллар болж жилийн дүнгээр 15.1 хувиар өсч, өмнөх сараас 9 хувиар буурсан бол хувцасных 13.15 тэрбум ам.доллар болж 19.7 хувиар өсч, өмнөх сараас 14.7 хувиар буурсан байна.