Эль-Ниньо эхэлсэн энэ үед Өмнөд Африкийн Квазулу-Натал мужийн эмнэлгүүд бэлэн байна уу
Зун илүү халуун, хуурай байх төлөвтэй байгаа ч эрүүл мэндийн салбарын бэлэн байдлын улсын хэмжээний урьдчилсан үнэлгээ ноцтой дутагдал байсаар байгааг харуулжээ.
/file/attachments/orphans/Spotlight-ElNino-KZN_400668.jpg)
Спотлайт сайт Эль-Ниньо үзэгдэл Өмнөд Африкт илүү халуун, хуурай зун авчрах төлөвтэй байгаа энэ үед Квазулу-Натал мужийн засгийн газар эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй явуулж, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалахад бэлэн эсэхийг судалсныг Дэйли Маверик сайт нийтэлжээ.
Бергвилл хотын ойролцоох Вимбухало тосгонд 24 жил амьдарч буй 46 настай Пумелеле Шабалала зарах зорилгоор ногоо тарьж, дөрвөн хүүхдээ тэжээдэг. Түүний хэлснээр, 2024 оны ган гачгийн үеэр горхи ширгэж, тарьсан эрдэнэ шиш нь хатаж эхэлжээ.
Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн судалгааны зөвлөлийн тайланд дурдсанаар, тус мужид 2007–2021 онд цаг агаар, уур амьсгалтай холбоотой гамшгийн байдлыг 85 удаа зарласан нь бусад мужаас олон юм.
Өмнөд Африкийн Цаг уурын албаны таамгаар, 2026 оны 12 дугаар сараас 2027 оны 2 дугаар сар хүртэл тус улсын ихэнх нутагт хур тунадас хэвийнээс бага байх магадлал нэмэгдсэн ч ган гачиг заавал болно гэсэн үг биш аж.
Хэт халуун нь жирэмсэн болон төрсний дараах эмэгтэйчүүд, бага насны хүүхэд, өндөр настан, гадаа ажилладаг хүмүүсийн дунд халуунд цохиулах, архаг өвчин хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Селест Мадондо анхааруулж байна. Тембиса загварын тооцоогоор, 2025 онд мужид бараг 1.6 сая хүн ретровирусын эсрэг эмчилгээ хийлгэж байжээ.
Африкийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэн мужийн 17 эмнэлгийн 40 мянга гаруй хүний 2010–2018 оны бүртгэлийг шинжлэхэд ган гачиг нь эмээ заавар ёсоор уудаг, эмчилгээндээ хамрагддаг өвчтөн цөөрсөнтэй холбоотой байжээ. Гэхдээ ган гачиг эмчилгээг тасалдуулсан шалтгаан гэдгийг судалгаа нотолж чадаагүй гэж судлаачид анхааруулсан байна.
Эрүүл мэндийн яамны 10 дугаар сард танилцуулсан урьдчилсан үнэлгээгээр, тус улс бэлэн байдлын 11 чиглэлээр 61 хувийн оноо авч, зохицуулалт ердөө 28 хувьтай гарчээ. Энэ үнэлгээг зөвхөн тус мужид бус, улсын хэмжээнд хийсэн юм.
Мужийн эрүүл мэндийн газар цаг агаарын онц байдалд бэлтгэх арга хэмжээ авсан гэж мэдэгджээ. Харин Квазулу-Натал их сургууль олон улсын түншүүдтэйгээ боловсруулж буй, үерийн анхааруулгыг эмнэлгүүдэд хүргэх шинэ системийг 2027 оны эхээр турших төлөвтэй тул энэ систем ирэх зун ашиглалтад орохгүй.


