Уур амьсгалын бага хурлын удирдагчид эдийн засгийн ашиг тусыг онцолж, уур амьсгалын арга хэмжээг сурталчилж байна
Ираны дайн эхэлснээс хойш газрын тосны тээвэрлэлт тасалдсанаас зарим талаар үүдэлтэй инфляц зэрэг хямрал засгийн газруудын анхаарлыг уур амьсгалын асуудлаас холдуулж байгаа тул зохион байгуулагчид амьжиргааны өртгийг бууруулах тухай ярих болжээ.

Туркийн Анталья хотод болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ээлжит бага хурлын удирдагчид уур амьсгалын арга хэмжээг эдийн засгийг бэхжүүлж, амьжиргааны өртгийг бууруулах арга гэж танилцуулах болсныг Рапплер сайт мэдээлжээ.
Тэд энэ санааг хурлын танхимд ч, чуулганы индэрээс ч давтан хэлж, хямралтай тэмцэж буй засгийн газруудын анхаарлыг татахыг оролдож байна. Эдгээр хямрал дэлхийн дулаарлыг тэргүүлэх асуудлын жагсаалтаас доош түлхжээ.
Эдгээр хямралын нэг нь хүчтэй инфляц юм. Ираны дайн эхэлснээс хойш Ойрх Дорнодын газрын тосны тээвэрлэлт тасалдсан нь инфляцад зарим талаар нөлөөлжээ. Түлшнээс хүнс хүртэлх үнийн дарамт АНУ-ын дунд хугацааны сонгуульд Ардчилсан нам Конгрессыг хяналтандаа авахад гол нөлөө үзүүлжээ.
“Хүн төрөлхтний дөрөвний гурав нь чулуужсан түлш импортолдог, өөрсдийн үүсгээгүй, хянаж чадахгүй үнийн цочролд барьцаалагдсан орнуудад амьдарч байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш 11 дүгээр сарын 11-нд дэлхийн удирдагчдад хэлжээ. Тэрбээр сэргээгдэх эрчим хүчинд шилжих нь тодорхой шийдэл гэв.
Эрчим хүчний зах зээлийн эмх замбараагүй байдал, уур амьсгалын гамшиг инфляцыг хөөрөгдөж, төсөвт цохилт өгч, өрхийн төлбөрийг өсгөж байна гэж НҮБ-ын уур амьсгалын албаны дарга Саймон Стилл ч мэдэгджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри асуудлыг ингэж шинээр тайлбарлах нь өөрт нь таалагдаж байна гэв. “Уур амьсгалын чиглэлээр ажилладаг бүх хүн энэ тухай ярих арга барилаа өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна” гэж тэрбээр сэтгүүлчдэд хэлжээ.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт улс төрд талцал үүсгэсэн асуудал болсон. АНУ-д Ерөнхийлөгч Дональд Трамп дулаарлыг луйвар гэж нэрлээд өнгөрсөн жил улсаа олон улсын уур амьсгалын хамтын ажиллагаанаас гаргасан юм. Шинэ арга барил нь уур амьсгалын өөрчлөлтөд эргэлздэг хүмүүсийг ч хамарсан зөвшилцөлд хүрэхэд тусалж болно гэж Европын холбооны эрчим хүчний комиссар Дан Йоргенсен үзжээ.
/file/attachments/orphans/Spotlight-ElNino-KZN_400668.jpg)

