Эрхүү мужийн бөө Оросыг дайнд ялуулахын тулд 60 тэмээ тахилд өргөхөөр төлөвлөжээ
Бусад бөө нар болон амьтан хамгаалагчид энэ санаачилгыг эрс эсэргүүцэж байна.
Эрхүү мужийн Ангарск хотын бөө Артур Цыбиков 2026 оны 11 дүгээр сараас эхлэн жилийн турш 60 тэмээ тахилд өргөхөөр төлөвлөж буйг «Байгалийн хүмүүс» сайт мэдээлжээ. Уг нийтлэлийг Медуза сайт бүтнээр нь дахин нийтэлсэн юм.
Саяхан Оросын дээд бөөгөөр сонгогдсон 53 настай Цыбиков сар бүр таван тэмээ тахилд өргөх энэхүү «марафон» Оросын цэргийг «тусгай ажиллагаанд» ялалт байгуулахад туслана гэж найдаж байна. Тэрбээр 2019 онд ч «Орос болон түүний ард түмнийг бэхжүүлэх» зорилгоор Буриадаас авчирсан таван тэмээг алж, ёслолын гал дээр шатааж байжээ.
Улаан-Үдийн «Тэнгэри» бөөгийн төв тухайн үед буриадуудын хувьд тэмээ ариун амьтан тул хэзээ ч тахилд өргөдөггүй гэж шүүмжилж байсан. Тувагийн бөө Алефтина Сагаан-Оол «Бид цагаан идээгээр өргөл барьдаг» гэж хэлээд, жаран тэмээ тахих нь «жинхэнэ харанхуй мунхаг явдал» гэж үзжээ.
Хэд хэдэн идэвхтэн Цыбиковын эсрэг амьтантай хэрцгий харьцсан гэх үндэслэлээр Ангарскийн прокурорт өргөдөл гаргасныг прокурор хотын цагдаад шалгуулахаар шилжүүлжээ.
2019 оны ёслолын дараа малын эмнэлгийн зөвшөөрөлгүй тэмээ тээвэрлэсэн хэргээр зохион байгуулагчдыг гурван мянган рублиэр торгосон ч цагдаа эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байжээ. Цагдаагийн зүгээс тэмээ нь үнээ, ямаа, хонины адил гэрийн тэжээвэр амьтан тул эзэн нь хэрхэхээ өөрөө шийднэ гэж тайлбарласан байна.
Оросын Украин руу хийсэн довтолгоог Цыбиков анхнаасаа дэмжиж ирсэн. 2024 онд тэрбээр байгууллагаас нь 17 бөө фронтод явсан гэж ярьж байсан бол 2023 оны сүүлээр Путиныг ерөнхийлөгчийн сонгуульд ялуулахын тулд зан үйл хийж байв.
Оросын холбооны түвшинд бөө мөргөлийг албан ёсны шашин гэж хүлээн зөвшөөрөөгүй, зөвхөн Буриад, Тувад ийм статустай.
2018 онд Кызылд болсон бөө нарын анхдугаар их хурлаар тува Кара-оол Допчун-оолыг Оросын дээд бөөгөөр сонгосон ч Цыбиков 2026 оны 8 дугаар сард Ангарскт хурал хийж, өөрийгөө энэ албанд сонгуулжээ. Олон бөө энэ сонгуулийг хүлээн зөвшөөрдөггүй.


