Эрүүл мэндийн хөрөнгө оруулалт шилдэг эмнэлгийн газрын зургийг өөрчилж байна
Дэлхийн жишгийн эмнэлэг барих нь хялбар болсон ч чанартай тусламжийг бүх иргэнд хүргэх нь хамаагүй хэцүү хэвээр байна.

Олон арван жилийн турш дэлхийн жишгийн нарийн мэргэжлийн тусламж хайсан өвчтөнүүд барууны цөөн хэдэн эмнэлгийн төв рүү явдаг байсан бол одоо Ази, Ойрхи Дорнод болон бусад бүс нутагт тэргүүлэх эмнэлгүүд улам олноор бий болж байна. Энэ тухай Ньюсвик сэтгүүл мэдээлэв.
“Энэтхэг, Сингапур, Тайланд, Өмнөд Солонгос зэрэг орнууд эмнэлгийн аялал жуулчлалыг эдийн засгийн стратеги болгон авсан” гэж Вашингтоны их сургуулийн эрүүл мэндийн тогтолцоо, анагаах ухааны профессор Маргарет Крук хэлжээ. Түүний хэлснээр, эдгээр орон чанартай үйлчилгээний эрэлт хурдан өсч буй орлого багатай хөрш орнуудад дэвшилтэт тусламж үзүүлж байна.
Вашингтоны их сургуулийн профессор Энис Барышийн үзэж буйгаар, нарийн хэргийг гадаадад илгээдэг байсан орнуудын хувьд дотооддоо хөрөнгө оруулах нь утга учиртай юм. Гадаадад өвчтөн илгээхэд зарцуулдаг мөнгөөр дотооддоо дэлхийн жишгийн эмнэлэг байгуулж, мэргэжилтэн бэлтгэж, улмаар гадаадын өвчтөнийг татаж болно гэж тэрбээр үзжээ.
Саудын Араб Алсын хараа 2030 санаачилгын хүрээнд эрүүл мэндийн тогтолцоогоо шинэчилж, дижитал дэд бүтцэд тэргүүлэх ач холбогдол өгчээ. Хаан Сауд их сургуулийн дэд профессор Язед Сулайман Альрутиягийн хэлснээр, Сеха виртуал эмнэлэг улсын хэмжээнд 240 гаруй эмнэлгийг холбож, алсаас нарийн мэргэжлийн зөвлөгөө, эрчимт эмчилгээний хяналт үзүүлж байна.
Гэвч судалгааны орчин, сургалтын тогтолцоо, аюулгүй байдал, багаар ажиллах соёлыг зүгээр худалдан авах боломжгүй, эдгээр нь олон арван жилээр бий болдог гэж Барыш анхааруулжээ.
Лондонгийн эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны сургуулийн Мишал Хан ховор мэргэжилтэй эмч нар чинээлэг өвчтөн, эмнэлгийн жуулчдад үйлчилдэг эмнэлгүүдэд төвлөрөх эрсдэлтэйг онцолсон байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2030 он гэхэд дэлхийд 11 сая эрүүл мэндийн ажилтан дутагдана гэж таамаглаж байна.



