Этиоп гаралтай олон мянган еврейчүүд Иерусалимд Сигдийн баярыг тэмдэглэжээ
Израильд 180 мянган этиоп гаралтай еврей амьдардаг ч Этиопт үлдсэн цөөн хэсэг нь хүнд сурталаас болж нүүж чадахгүй байна.

Этиоп гаралтай олон мянган еврейчүүд даваа гарагт Иерусалимд цугларч, Сигд хэмээх ариун өдрийг тэмдэглэснийг Африканьюс телевиз мэдээлжээ.
Кессим хэмээн нэрлэгддэг шашны удирдагчдын удирддаг Сигд нь угтаа Израильд буцаж очихыг гуйн залбирч, өөрийгөө эргэцүүлэн бодох өдөр байжээ.
Этиоп гаралтай еврейчүүдийн ихэнх нь одоо Израильд амьдардаг тул тэд Иерусалимд цугларч, энэ өдрийг дурсан, соёлоо тэмдэглэдэг болжээ.
«Өнөөдөр нийгэмшил сайн байна, манай ард түмэн энэ үед амжилт гаргаж, ахиц дэвшилд хүрсэн» гэж шашны удирдагч Майкл Махарат хэлсэн байна. Тэрбээр Этиопт үлдсэн еврейчүүд ирээдүйд Израильд нүүж ирнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Израиль 1991 онд Этиопт иргэний дайн өрнөж байх үед Соломон ажиллагаа явуулж, хоёр хүрэхгүй хоногийн дотор 14500 орчим этиоп еврейг агаараар нүүлгэн авчирсан юм.
Өнөөдөр Израиль дахь этиоп гаралтай еврейчүүдийн тоо 180 мянгад хүрдэг. Этиопт үлдсэн цөөн тооны еврейчүүд Израиль дахь гэр бүлийнхнийхээ хүчин чармайлтыг үл харгалзан хүнд сурталаас болж нүүж чадахгүй байгаа аж.



