Этиопт дахин ашиглах эрүүл ахуйн даавуу охидыг сургуулиа таслахаас сэргийлж байна
Эрүүл ахуйн хэрэгслийг бүхэлд нь импортолдог Этиопт өндөр үнийн улмаас олон эмэгтэй, охид түүнийг авч чаддаггүй.

Этиопын нийслэл Аддис-Абебагийн нэгэн жижиг цехэд эмэгтэйчүүд хөвөн даавуугаар дахин ашиглах боломжтой сарын тэмдгийн эрүүл ахуйн хэрэгсэл оёж байгааг Африканьюс телевиз мэдээлжээ.
Этиоп эрүүл ахуйн хэрэгслээ бүхэлд нь импортолдог тул өндөр үнээс болж олон эмэгтэй, охид авч чаддаггүй бөгөөд энэ нь сургуулиа таслах, орлогоо алдах, заримдаа аюултай орлуулагч хэрэглэхэд хүргэдэг аж.
41 настай Ханан Ахмед өөрийн туулсан бэрхшээлээс болж загварын салбараас гарч, 2021 онд энэ компанийг байгуулжээ. Тэрбээр сурагч байхдаа сарын тэмдгийн үеэр долоо хоног, хоёр долоо хоногоор сургуулиа тасалдаг байснаа ярьжээ.
Компани одоо хоёр жил хүртэл дахин угааж хэрэглэх хөвөн даавуун хэрэгсэл үйлдвэрлэж, өдөрт 1000 орчим ширхэг гаргадаг. Банк зэрэг ивээн тэтгэгчид бүтээгдэхүүнийг улс даяар охид, эмэгтэйчүүдэд үнэгүй тараадаг байна.
Аддис-Абебагийн Нигат Кокеб сургуулийн 15 настай сурагч Бетселот Махарег дахин ашиглах хэрэгсэл нь гоожихоос болж ичих байдлаас сэргийлдгийг хэлжээ.
Нийслэлд ахиц гарсан ч зарим хөдөө орон нутагт сарын тэмдэг ирсэн охидыг гэр бүлээс нь гадуурхах явдал гарсаар байна. Ахмед боловсрол, нээлттэй яриа нь энэ байдлыг өөрчлөхөд чухал гэж үзэж байна.



