Этиопын Оромия мужид болсон халдлагуудад 60 Христосын шашинтан амиа алджээ
Этиопын Ортодокс сүм засгийн газрыг халдлагыг олон нийтийн өмнө буруушааж, энгийн иргэдийг хамгаалах арга хэмжээгээ чангатгахыг уриалав.

Аль Жазиира телевизийн мэдээлснээр, Этиопын Оромия мужид 10 дугаар сарын 20, 24-нд болсон тусдаа халдлагуудад дор хаяж 60 Ортодокс Христосын шашинтан амиа алдсан гэж сүмийн албаны хүмүүс мэдээлжээ. Этиопын Ортодокс Тевахедо сүмийн Ариун синод даваа гарагт аллагыг иргэдэд учруулсан туйлын эмгэнэлтэй харгислал, зовлон гэж тодорхойлжээ. Халдлагын улмаас 20 гаруй хүн хүнд шархдаж, 20 орон сууц шатсан байна.
Сүмийн мэдээлснээр, 10 дугаар сарын 20-нд Мерти дүүргийн Ангада Кебелегийн Гора Силинго тосгонд 14 хүн, 10 дугаар сарын 24-нд Ширка дүүргийн Терета, Чоле, Бирбо тосгонд 46 хүн амь үрэгджээ. Хоёр дүүрэг хоёулаа Этиопын төв хэсэгт орших Оромия мужийн Арси бүсэд байрладаг.
Ариун синод аллагыг буруушааж, халдлага нь Үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах эрх, шашин шүтэх эрх чөлөөг зөрчиж, Этиоп дахь өөр өөр шашинтнуудын энх тайван зэрэгцэн оршдог уламжлалд заналхийлж байна гэжээ. Синод төрийн байгууллагуудыг халдлагыг олон нийтийн өмнө буруушааж, энгийн иргэдийг хамгаалах ажлыг сайжруулж, буруутныг хариуцлагад татахыг уриалав. Мөн аюулгүй байдлын байгууллагуудыг өртсөн иргэдэд нэмэлт хамгаалалт үзүүлж, цаашдын хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг шаарджээ.
Оромия мужийн засаг захиргаа аллагад буруутныг мөрдөн мөшгөнө гэж амласан. Халдлагыг хэн үйлдсэнээ одоогоор хэн ч хүлээн зөвшөөрөөгүй байна. Хэвлэлийн мэдээллээр орон нутгийн нэгэн албан тушаалтан Оромогийн чөлөөлөх арми зэрэг бүлгүүдээс шинээр бүрдсэн босогчдын холбоог халдлага үйлдсэн гэж буруутгажээ. Оромогийн чөлөөлөх арми өмнө нь энгийн иргэд рүү халдсан гэх буруутгалыг үгүйсгэж байсан юм.
Аллага нь засгийн газрын хүчин олон жилийн турш зэвсэгт бүлгүүдтэй тулалдаж буй, 40 сая орчим хүн амтай, Этиопын хамгийн том муж болох Оромияд аюулгүй байдал тогтворгүй хэвээр байгаа үед гарчээ. Этиопын Хүний эрхийн зөвлөл 7 дугаар сард 2021-22 оноос энэ оны 6 дугаар сарын 1-ний хооронд Зүүн Арсид чиглэсэн халдлагуудад дор хаяж 432 энгийн иргэн, орон нутгийн зэвсэгт хүчний дөрвөн гишүүн амиа алдсан гэж мэдээлж байжээ.
Ариун синод аюулгүй байдлын хямралыг шийдвэрлэхээр засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай ярилцлага хийхийг эрмэлзэнэ гэж мэдэгджээ. Сүм даваа гарагт хохирогчдын төлөө залбирал зарлаж, дэлхий даяарх Ортодокс сүм, хийдүүдэд мягмар гарагт Ариун литургийн дараа ижил ёслол үйлдэхийг үүрэг болгов. Мөн хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, шүтэгчид нь айдасгүй амьдарч, мөргөл үйлдэх боломжийг яаралтай бүрдүүлэхийг уриалжээ.



