Филиппиний Дээд шүүх барангайн албан тушаалтнуудын бүрэн эрхийн хугацааг сунгасан хуулийг хүчинтэй гэж үзжээ
Шүүх уг хуулийг сонгууль хойшлуулах хууль биш гэж тайлбарлажээ.

Филиппиний Дээд шүүх барангай буюу хамгийн доод шатны засаг захиргаа, Залуучуудын зөвлөлийн албан тушаалтнуудын бүрэн эрхийн хугацааг таван жил болгосон 12326 дугаар хуулийг Үндсэн хуульд нийцсэн гэж Баасан гарагт нийтэлсэн шийдвэртээ дүгнэснийг Рапплер сайт мэдээлжээ.
Уг хуулиар барангай болон Залуучуудын зөвлөлийн дараагийн сонгуулийг 2028 оны 11 дүгээр сард товлож, түүнээс хойш таван жил тутамд сонгууль явуулахаар болжээ. Мөн барангайн албан тушаалтнуудыг дараалан хоёр удаа, Залуучуудын зөвлөлийн гишүүдийг нэг удаа сонгогдохоор хязгаарласан байна.
Шийдвэрийг Дээд шүүхийн шинэ ерөнхий шүүгч Родил Залямеда бичиж, сонгуулийн хуульч Ромуло Макалинталын гаргасан өргөдлийг хэрэгсэхгүй болгожээ.
Макалинтал уг хууль 2023 оны шүүхийн шийдвэрт заасан сонгуулийг зөвхөн чухал, ноцтой шалтгаанаар хойшлуулах шаардлагыг хангаагүй гэж маргаж байжээ.
Хуулийн гол зорилго нь 2025 онд дөрвөн жил болгосон бүрэн эрхийн хугацааг таван жил болгож, дараалан сонгогдох дээд хязгаарыг гурваас хоёр болгох явдал юм.



