Төв Азийн удирдагчид Астанад хиймэл оюуны аюулгүй байдлын асуудлаар уулзжээ
Мирзиёев терроризмтой тэмцэх НҮБ-ын бүс нутгийн оффисыг Узбекистанд байршуулахыг санал болгожээ.

Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 11 дүгээр сарын 6-нд Астанад Акабагийн үйл явцын хүрээнд болсон Төв Азийн орнуудын тэргүүн нарын хиймэл оюун ухааны аюулгүй байдлын асуудлаарх уулзалтад оролцсоныг Газета.уз сайт мэдээлжээ.
Уулзалтад Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, Йорданы хаан Хоёрдугаар Абдулла, Азербайжан, Киргизийн төлөөлөгчид оролцжээ.
Мирзиёев хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил хүн төрөлхтөнд асар их боломж олгохын зэрэгцээ шинэ сорилт үүсгэж байгааг онцолжээ.
Тэрбээр хиймэл оюун ухааны боломжийг мэдлэг түгээх, итгэлцлийг бэхжүүлэх, хувь хүний хөгжлийн шинэ боломж бий болгоход чиглүүлэх санаачилга дэвшүүлжээ. Мөн НҮБ-ын хиймэл оюуны засаглалын дэлхийн яриа хэлэлцээг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Ерөнхийлөгч Ташкент дахь Исламын соёл иргэншлийн төвийн дэргэд дижитал эрин үед мунхаглалын эсрэг гэгээрлийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэхийг санал болгосон байна. Хөтөлбөр олон хэлний эх сурвалж бий болгох, шашны зүтгэлтнүүдийг мэдээллийн орчинд ажиллахад бэлтгэх зорилготой.



