Казахстанд эмэгтэйчүүдэд зориулсан Умай орон сууцны зээл авах гэсэн хүмүүс банкны үүдэнд бөөгнөрчээ
Хөтөлбөрийн нөхцөл хамгийн их хэрэгцээтэй хүмүүст хүртээмжтэй эсэх нь эргэлзээ төрүүлж байна.

Казахстаны Алматы хотод 11 дүгээр сарын 3-ны өглөө эмэгтэйчүүдэд орон сууц худалдан авахад нь туслах хөтөлбөрийн зээл авах гэсэн олон эмэгтэй Отбасы банкны салбарын үүдэнд бөөгнөрснийг Таймс оф Сентрал Эйша сайт мэдээлжээ.
Умай хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр төрийн өмчит Отбасы банк 2021 онд эхлүүлж, 2021-2023 онд 3661 эмэгтэйд орон сууц худалдан авахад тусалсны дараа түр зогсоосон юм. Өргөдөл хүлээн авах ажил 2026 оны 8 дугаар сард дахин эхэлжээ.
Банкны ердийн хөтөлбөр орон сууцны үнийн 50 хувийг хуримтлуулахыг шаарддаг бол Умай хөтөлбөрөөр Алматы, Астанад 20 хувь, бусад газарт 15 хувийн урьдчилгаа төлбөрөөр орон сууц авах боломжтой.
8 дугаар сарын 31-нд нээгдсэн эхний шатанд есөн тэрбум тенге хуваарилж, долоон цагийн дотор 855 өргөдөл ирсэн тул бүртгэлийг хаажээ. 11 дүгээр сарын 3-нд нээгдсэн хоёрдугаар шатанд хорин тэрбум тенге хуваарилсан ч мөн долоон цагийн дараа хаагдаж, 850 өргөдөлд урьдчилсан зөвшөөрөл олгосон байна.
Зээлийн дээд хэмжээ 50 сая тенге, жилийн хүү 14.8 хувь юм. Үндэсний статистикийн товчооны мэдээллээр 2025 онд Казахстанд эмэгтэйчүүдийн дундаж цалин сард 372 232 тенге, эрэгтэйчүүдийнх 518 259 тенге байсан бөгөөд цалингийн жендэрийн зөрүү 28.2 хувьтай байжээ.



