Киргиз улс Оросын армид залилангаар орсон иргэнээ буцаан өгөхийг шаарджээ
Киргизийн Гадаад хэргийн яам иргэдээ гэрээнд гарын үсэг зурахаас өмнө сайтар судлахыг зөвлөжээ.

Киргизийн Орос дахь элчин сайдын яам тодорхойгүй этгээдүүдийн залилангийн улмаас Оросын армид орсон иргэнээ эх оронд нь буцаах тухай нотыг Оросын Гадаад хэргийн яаманд хүргүүлснийг Газета.уз сайт мэдээлжээ.
Элчин сайдын яам Оросын холбогдох байгууллагуудад албан бичиг илгээж, хэргийг иж бүрэн шалгаж, буруутныг хариуцлагад татахыг шаардсан байна.
Азаттык Азия сайтын мэдээлснээр энэ нь 21 настай Элистан Токтогулов бөгөөд түүнийг Оросын Воронеж мужийн сургуулийн талбайд Украины дайнд илгээхээр бэлтгэж байгаа гэж ар гэрийнхэн нь ярьжээ.
Ар гэрийнхний хэлснээр Токтогулов энэ намар олон нийтийн сүлжээнээс Орост ажлын зар олж, ачааны машины жолооч зэрэг ажилд 110 мянган рубль хүртэлх цалин амласан саналыг хүлээн авчээ. Харин Орост очсоны дараа түүнийг цэргийн ангид илгээсэн байна.
Казахстаны Гадаад хэргийн яам 10 дугаар сарын эхээр Орост ажиллахаар очиж, Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулахыг албадуулсан иргэдээ буцаахаар хэлэлцээ хийж, 10 дугаар сарын 22-нд 13 казах иргэн эх орондоо буцсан юм.



