Узбекистан ЕХ-ны худалдааны хөнгөлөлтийг хадгалахын тулд дахин өргөдөл гаргах шаардлагатай болжээ
Оролцогч орнууд олон улсын гэрээг хэрэгжүүлэх төлөвлөгөө ирүүлэх ёстой болжээ.

Узбекистан Европын холбооны худалдааны тусгай хөнгөлөлтийн тогтолцооны бусад оролцогчийн адил 2029 оны 1 дүгээр сарын 1-нээс хөнгөлөлтөө хадгалахын тулд шинээр өргөдөл гаргах шаардлагатай болсныг ЕХ-ны Узбекистан дахь төлөөлөгчийн газар мэдэгдсэнийг Газета.уз сайт мэдээлжээ.
Шинэ журмын үндсэн заалтууд 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс 2036 оны эцэс хүртэл хүчинтэй байна. Одоогийн оролцогчдод 2027-2028 онд шилжилтийн хугацаа олгож, шинэ өргөдлийг 2028 оны 12 дугаар сарын 31-ээс хэтрүүлэлгүй гаргах ёстой.
Узбекистан 2021 оноос энэ тогтолцоонд хамрагдаж, ЕХ-ны зах зээлд тарифын ангиллын гуравны хоёр орчимд гаалийн татваргүй нэвтэрч байна.
Төлөөлөгчийн газрын мэдээллээр 2025 онд Узбекистаны хөнгөлөлтийн ашиглалт 90 хувьд хүрсэн нь тогтолцооны оролцогчдын дундаж болох 74 хувиас өндөр юм. Хөнгөлөлтөөр хийсэн Узбекистаны экспорт 2024 онд 448 сая еврод хүрчээ.
Шинэ журмаар оролцогч орнуудын нэгдэн орох ёстой олон улсын конвенцын тоо 27-гоос 32 болж нэмэгдэх бөгөөд Узбекистан нэмэгдсэн бүх гэрээнд аль хэдийн нэгдсэн байна.



