Туркийн албан тушаалтан Оросыг Түрэг орнуудын байгууллагад ажиглагчаар оруулах Токаевын саналд эргэлзэж байна
Ажиглагч болох улс түрэг хэлийг төрийн хэлээр хүлээн зөвшөөрсөн байх ёстой гэж тэрбээр үзжээ.

Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжил намын ахлах албан тушаалтан Күршад Зорлу Оросыг Түрэг орнуудын байгууллагын ажиглагч болгох боломжид хэлний шаардлагыг иш татан эргэлзэж буйгаа илэрхийлснийг Таймс оф Сентрал Эйша сайт мэдээлжээ.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 10 дугаар сарын 30-нд Анкарад болсон тус байгууллагын дээд хэмжээний уулзалтад Оросыг хамтын ажиллагааны тусгай хүрээнд эсвэл ажиглагчаар урих санал гаргасан юм. Байгууллагад Турк, Азербайжан, Казахстан, Киргиз, Узбекистан гишүүнээр элсдэг.
Зорлугийн хэлснээр 2021 онд баталсан журмаар ажиглагч болох улс түрэг буюу түүнтэй холбоотой хэлийг улс даяар төрийн эсвэл албан ёсны хэлээр хүлээн зөвшөөрсөн байх ёстой.
Орост түрэг хэлтэй хүн ам олонтой хэд хэдэн бүгд найрамдах улс байдаг ч холбооны түвшинд орос хэл цорын ганц төрийн хэл юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков 11 дүгээр сарын 2-нд Орос тус байгууллагад оролцох нь зохимжтой гэсэн ч албан ёсны урилга аваагүй гэж мэдэгджээ.
Зорлу оронд нь гишүүн бус орнуудтай гишүүн бүх орны зөвшөөрлөөр уулзалт хийх боломж олгодог, 2025 онд нэвтрүүлсэн хамтын ажиллагааны хүрээг санал болгожээ. Унгар 2018 онд, энэ журам батлагдахаас өмнө ажиглагчийн статус авсан юм.



