Дэлхий

Узбекистанд гэр ахуйн хийн баллоныг авто хий түгээх станцад дүүргэвэл торгууль ногдуулна

Эдийн засагч хий хүргэлтийн саатлын хариуцлагыг хэн ч хүлээхгүй байгааг шүүмжилжээ.

Газета.uzGazeta1 мин унших

Зураг: Газета.uz

Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 11 дүгээр сарын 2-нд галын аюулгүй байдлын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуульд гарын үсэг зурж, авто хий түгээх станцууд гэр ахуйн баллонд шингэрүүлсэн хий дүүргэвэл торгууль ногдуулахаар болсныг Газета.уз сайт мэдээлжээ.

Торгууль нь гурваас таван суурь тооцооны хэмжээ буюу нэг сая гурван зуун хорин мянгаас хоёр сая хоёр зуун мянган сум бөгөөд иргэнд бус, хий түгээх станцад ногдуулна. Өөрчлөлт 2027 оны 2 дугаар сарын 5-нд хүчин төгөлдөр болох юм.

Шинэ заалт хий тогтмол хүргэгддэггүй бүс нутгийн оршин суугчид хэрхэн түлш авах вэ гэсэн асуулт дагуулжээ.

Эдийн засаг, сангийн яамны 10 дугаар сард танилцуулсан тооцоогоор гэр ахуйн шингэрүүлсэн хийг дунджаар 30-35 хоног тутам хүргэдэг ч зарим бүс нутагт энэ хугацаа илүү урт байна. Тухайлбал, Самарканд мужийн Иштыхан дүүргийн нэг оршин суугчид дунджаар 53 хоног тутам хий хүргэжээ.

Эдийн засагч Отабек Бакиров хий нийлүүлэгчид хүргэлтийг хугацаандаа хийгээгүй ч шийтгэл хүлээдэггүй атлаа хүмүүс өөрсдөө станцад баллон дүүргүүлэхэд их хэмжээний торгууль ногдуулж байгааг шүүмжилжээ. 11 дүгээр сарын 15-наас хүн амд олгох шингэрүүлсэн хийн үнэ килограмм тутамд 2000 сумаас 5000 сум болж өсөх юм.

Бусад мэдээ