Фольксвагены шинэ эрчим хүчний автомашины Хятад дахь борлуулалт 347 хувиар өсчээ
Хятадын зах зээлд өрсөлдөгч BYD-ийн борлуулалт Фольксвагенийхаас хамаагүй өндөр байна.

Германы Фольксваген брэнд Хятадын зах зээлд 10 дугаар сард шинэ загварын хайбрид болон цэвэр цахилгаан автомашины борлуулалтаа өнгөрсөн оны мөн үеэс 347 хувиар өсгөлөө. Фольксваген мөн 2027 оны хөгжлийн шинэ зорилтоо тодорхойлжээ.
Фольксваген лхагва гарагт Бээжинд мэдэгдэхдээ 2026 оны 10 дугаар сард шинэ эрчим хүчний 28 мянган автомашин зарсан нь 2025 оны 10 дугаар сараас 347 хувиар өссөн үзүүлэлт гэжээ.
Хятадад шинэ эрчим хүчний автомашинд цэвэр цахилгаан болон хайбрид автомашин багтдаг. Фольксваген энэ онд Хятадын зах зээлд шинэ эрчим хүчний 11 загвар гаргасан бөгөөд дахиад хоёр загвар удахгүй худалдаанд гарах төлөвтэй байна.
Харин өрсөлдөгч BYD Хятадын зах зээлд борлуулалтаараа хол тэргүүлж байна. Хятадын суудлын автомашины зах зээлийн мэдээллийн холбооноос (CPCA) гаргасан тоогоор BYD 2026 оны 10 дугаар сард шинэ эрчим хүчний 250301 автомашин борлуулжээ.
“Бид 2027 онд Хятадад шинэ эрчим хүчний автомашины борлуулалтаараа эхний аравт багтах зорилготой” гэж Фольксваген брэндийн удирдах ажилтан Роберт Цисек мэдэгдэв.
Фольксваген олон жилийн турш Хятадын зах зээлд асар их дарамттай тулгарсаар ирсэн. Өмнө нь Фольксваген группийн Хятад дахь тэргүүн Ральф Брандштеттер Хятадын автомашины зах зээл огцом уналтад орсон хэмээн тодорхойлж байв.
10 дугаар сарын сүүлээр Фольксвагены нийтэлсэн мэдээллээр, 2026 оны 1-9 дүгээр сард тус компани Хятадын зах зээлд хэрэглэгчдэд 1375292 автомашин хүргэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 30 орчим хувиар буурсан байна.
Фольксваген, БМВ, Мерседес зэрэг Германы автомашин үйлдвэрлэгчид Хятадад ихээхэн дарамттай тулгарч байна. Хятадын дотоодын шинэ эрчим хүчний автомашин үйлдвэрлэгчид хурдацтай хөгжиж, зах зээлийн өрсөлдөөн ширүүсэж, үнийн дайн улам хурцдаж байгаа нь үүний гол шалтгаан юм.
