Германы Ерөнхийлөгч Штайнмайер Ши Жиньпинтэй уулзаж, худалдааны илүүдлийг бууруулахыг уриалав
Германы Ерөнхийлөгч дүрэмд суурилсан олон улсын дэг журам дарамтад орж, хүчтэй нь зөв гэсэн хандлага газар авч байгаад санаа зовж буйгаа илэрхийлжээ.

Германы Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзаж, Хятадын Германтай хийх худалдааны асар их илүүдлийг бууруулах ёстой гэж хэлжээ. Энэ тухай Дойче Велле мэдээлэв.
“Бидний байгуулахыг хүсч буй нягт эдийн засаг, худалдааны харилцаа хоёр талд тогтвортой ашиг авчрах ёстой” гэж Штайнмайер хэлсэн байна.
Тэрээр өмнөх өдөр нь Бээжингийн их сургуульд хэлсэн үгэндээ европын компаниуд Хятадын зах зээлд нэвтэрч чадахгүй байхад Хятадын төрийн татаастай экспорт Европын зах зээлийг дүүргэвэл нэг талын эмзэг байдалд орох эрсдэлтэйг анхааруулж байжээ.
Ши Жиньпин уулзалтын эхэнд Хятад хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэхийг чухалчилж байгааг онцолж, тэгш эрх, харилцан ашигтай байдал, стратегийн тогтвортой байдалд суурилсан хамтын ажиллагааны шинэ загварыг бий болгох ёстой гэж хэлжээ.
Штайнмайер Хятадын эдийн засаг, технологи, улс төрийн нөлөөний өсөлтийг магтсан ч дэлхийн олон хэсэгт дүрэм зөрчигдөж, хүчтэй нь зөв гэсэн хандлага газар авч байгаад санаа зовж буйгаа илэрхийлэв. Талууд Ойрхи Дорнод, Судан, Орос-Украины хямралын талаар ч ярилцжээ.
Ши Жиньпин Ардын их хурлын ордны гадаа Штайнмайерыг 21 удаагийн их бууны мэндчилгээтэй ёслол төгөлдөр угтан авчээ. Мөн өдөр Штайнмайер Ерөнхий сайд Ли Цянтай уулзаж, Европ, Хятадын худалдааны алдагдлын асуудлыг хөндсөн байна.
Штайнмайер 10 дугаар сарын 26-нд Берлинээс Хятадад айлчлахаар мордсон бөгөөд эхлээд Аньхуй мужид очиж, дараа нь Бээжинд ирсэн юм. Тэрээр 10 дугаар сарын 31-нд Германд буцахаар төлөвлөжээ.



