Улс төр

Германы зэвсэгт хүчинд бэлгийн дарамт тогтолцооны шинжтэй болохыг судалгаа харуулав

Германы армийн бэлгийн дарамтын тохиолдол албан ёсны тооноос гурваас зургаа дахин их байгааг судлаачид тогтоожээ.

Politico EuropeChris Lunday1 мин унших

Зураг: Politico Europe

Германы зэвсэгт хүчинд гарсан бэлгийн дарамтын ихэнх тохиолдлыг мэдээлдэггүй болохыг Лхагва гарагт танилцуулсан томоохон судалгаа харуулж, Батлан хамгаалахын сайд Борис Писториус гомдлыг шийдвэрлэхэд “тогтолцооны асуудал” байгааг хүлээн зөвшөөрөв. Энэ тухай Политико сайт мэдээлэв.

Судалгаагаар бэлгийн дарамт албан ёсны тооноос гурваас зургаа дахин их байгаа нь тогтоогджээ. Герман армиа сэргээх хүрээнд илүү олон цэрэг, тэр дундаа эмэгтэйчүүдийг элсүүлэхийг хичээж байгаа үед энэ дүн гарчээ.

10 эмэгтэй цэрэг тутмын дөрөв, эрэгтэй цэргийн тавны нэг орчим нь өнгөрсөн жил бэлгийн дарамтын ядаж нэг хэлбэртэй тулгарсан гэж хариулжээ.

Үүнд хүсээгүй бэлгийн сэдэвтэй үг хэллэг, зураг, хүрэлцэх, бэлгийн хүчирхийлэл багтана. Эмэгтэй, эрэгтэй аль алиных нь 2 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэжээ.

7 дугаар сарын 13-аас 8 дугаар сарын 27 хүртэл явуулсан нэрээ нууцалсан санал асуулгад 8100 гаруй цэрэг буюу хандсан хүмүүсийн 18 хувь нь оролцсон байна. Ихэнх хохирогч өөртөө анхаарал татахыг хүсээгүй, зарим нь үр дагавраас айсан эсвэл арга хэмжээ авна гэдэгт эргэлзсэн тул мэдээлээгүй аж.

Писториус хохирогчдыг хамгаалах, мэдээлэхийг хялбарчлах 34 заалттай төлөвлөгөө танилцуулав. Үүнд цэргийн ердийн тушаалын шатлалаас гадуурх зөвлөгөөний шинэ үйлчилгээ багтжээ. Тэрбээр дарамтыг тэвчдэг, зохих ёсоор шийдвэрлэдэггүй командлагчид “цаашид удирдах албан тушаал хашихгүй” гэж мэдэгджээ.

Эмэгтэйчүүд бие бүрэлдэхүүний 15 хувиас дээш эзэлдэг ангиудад дарамтын тохиолдол бага бүртгэгдсэнийг судалгаа мөн харуулжээ.

Бусад мэдээ