Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе уур амьсгалын бага хурлын илтгэлдээ чулуужсан түлшийг огт дурдсангүй
Австрали дэлхийн хоёр дахь том эрчим хүчний нүүрс экспортлогч хэдий ч Ерөнхий сайд сэргээгдэх эрчим хүчний амжилтаараа бахархаж, нүүрсний салбарыг дурдсангүй.

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе Туркийн Анталья хотод болж буй НҮБ-ын уур амьсгалын бага хуралд илтгэл тавихдаа засгийн газрууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах ариун үүрэгтэй гэж хэлсэн ч хямралыг үүсгэж буй чулуужсан түлшийг дурдаагүйг Гардиан сонин мэдээлжээ.
Албанезег илтгэл тавихын өмнөхөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш дулаарлыг 1.5 хэмд хязгаарлах зорилтыг хадгалах нь “шинэ нүүрс байхгүй гэсэн үг” гэж тодорхой хэлжээ.
“Энэ бол манай улсын хувьд түүхэн мөч” гэж Албанезе хэлээд, Австрали уур амьсгалын арга хэмжээ, сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэгч орон гэдгээрээ бахархдаг гэв. Австрали сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ зургаан жилд хоёр дахин нэмэгдүүлж, улсын цахилгааны талыг сэргээгдэх эрчим хүчээр хангадаг болсныг тэрбээр онцолжээ.
Австрали эрчим хүчний нүүрсний экспортоор дэлхийд хоёрдугаарт, коксжих нүүрсний экспортоор нэгдүгээрт ордог. Дэлхийн экспортын шингэрүүлсэн байгалийн хийн тавны нэг нь Австралиас гардаг.
1.5 хэмийн зорилтыг хадгалахын тулд нүүрсээр цахилгаан үйлдвэрлэх нь 2035 он гэхэд дор хаяж 75 хувиар буурч, нүүрстөрөгчийг барьж авахгүйгээр ажилладаг нүүрсний цахилгаан станцууд 2040 он гэхэд бараг бүрэн зогсох ёстой гэж Гутерриш мэдэгджээ.
Ногоон намын дарга асан, одоо Австралийн байгаль хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Адам Бандт Ерөнхий сайдыг Гутерришийн захиасыг илт үл тоосон гэж шүүмжилжээ. Албанезегийн засгийн газар 2022 онд сонгогдсоноос хойш чулуужсан түлшний 38 төсөл баталсныг уур амьсгалын шинжилгээний байгууллагын тэргүүн Билл Хэйр онцолжээ.
Австрали, Турк 2035 он гэхэд эцсийн эрчим хүчний хэрэглээний 35 хувийг цахилгаанаар хангах дэлхийн зорилтод дэмжлэг авахыг эрмэлзэж байна. Одоо энэ үзүүлэлт тавны нэг орчим байгаа юм.



