Барселона клубийн хөгжөөн дэмжигчид чандраа цэнгэлдэх хүрээлэнгийн шинэ дурсгалын газарт хадгалуулах боломжтой болно
Кам Ноу цэнгэлдэхийн шинэчлэлийн хүрээнд 26 мянган үүр бүхий дурсгалын газар байгуулж, олсон орлогыг өртөг ихтэй засварын ажилд зарцуулна.

Испанийн Барселона хөлбөмбөгийн клуб Кам Ноу цэнгэлдэх хүрээлэнгийн шинэчлэлийн хүрээнд хөгжөөн дэмжигчдийн чандрыг хадгалах 26 мянган үүр бүхий дурсгалын газрыг албан ёсоор танилцуулсныг Гардиан сонин мэдээлжээ.
Үүрийг 10 жилээр түрээслэхэд 2490 евро, 50 жилээр түрээслэхэд 6000 евро төлөхөөс гадна жил бүр 70 еврогийн арчилгааны хураамж төлнө. Мөнхөд эзэмшихэд 10 мянган евро, дурсгалын самбарт нэмж 490 евро төлнө.
“Өвөө маань олон жилийн өмнө нас барахдаа хойд насандаа гоолуудыг сонсохын тулд Барсагийн талбайн хажууд оршуулагдахыг л хүсэж байсан. Олон хөгжөөн дэмжигч үүнийг мөрөөддөг” гэж клубийн дэд ерөнхийлөгч Мариа Елена Форт хэлжээ.
Дурсгалын газрын ажлыг ирэх оны сүүлээр эхлүүлэх бөгөөд 1000 гаруй хөгжөөн дэмжигч аль хэдийн байраа захиалсан гэж клуб мэдэгджээ. Мадридын Атлетико, Бетис, Эспаньол клубууд цэнгэлдэхдээ үүнээс жижиг чандрын дурсгалын газартай болсон байдаг.
1957 онд баригдсан цэнгэлдэхийнхээ багтаамжийг 105 мянга болгох ажлыг клуб 2023 онд эхлүүлсэн. Анх 900 сая евро гэж тооцсон өртөг нь одоо 2 тэрбум еврод ойртож байна.
Туркийн Лимак Констракшн компанийн гүйцэтгэж буй ажил хөдөлмөрийн маргаанаас болж удаа дараа хойшилж ирсэн юм. Клуб 2024 онд 1000 гаруй туслан гүйцэтгэгчид илүү цагийн хөлсөө аваагүйг хүлээн зөвшөөрч байжээ.



