Финландаас Канберрад суугаа элчин сайдын яамны ажлын цагийн тухай бичлэг дэлхий даяар цахимд тархжээ
Ажилтнуудын төлөвлөлтийн өдрийн улмаас яам түр хаагдана гэсэн энгийн мэдэгдлийг 10 сая хүртэлх хүн үзжээ.

Австралийн нийслэл Канберра дахь Финландын элчин сайдын яам ажилтнуудын төлөвлөлтийн өдрийн улмаас 11 дүгээр сарын 10-нд түр хаагдана гэж нийгмийн сүлжээнд нийтэлсэн нь санаандгүй дэлхий даяар тархсаныг Гардиан сонин мэдээлжээ.
“Бид бүгд төлөвлөлтийн өдрөө тайван өнгөрүүлж байтал хэн нэгэн ‘Ёстой бүр дэлхий даяар тархчихлаа’ гэлээ” гэж Финландаас Австралид суугаа элчин сайд Арто Хаапеа тус сонинд хэлжээ.
Яамны бусад бичлэг өмнөх долоо хоногт хэдэн арваас хэдэн зуун л лайк авдаг байв. Харин ажлын цагийн тухай бичлэгт 622 мянган хүн лайк дарж, бичлэгийг 405 мянга удаа хуваалцсан бөгөөд дэлхийн 10 сая хүртэлх хүн үзжээ.
Яамны өмнөх бичлэг буюу дэлхийн өнцөг булан бүрээс ганц бие хүмүүсийг Хельсинк рүү оройн зоогт урих уралдааны видео ч олны анхаарал татсан тул шинэ бичлэг ижил алгоритмаар тархсан байж магадгүй гэж Хаапеа таамаглажээ.
Дэлхий даяар инфлюенсерүүд, компани, брэндүүд өөрсдийн хошин видеог хийж эхэлжээ. Финландын улс төрчид, бусад орон дахь элчин сайд нар ч элэглэл нийтэлсэн бөгөөд элчин сайдууд өөрсдийн яам нээлттэй байгааг баталж байв. Финландын Гадаад хэргийн сайд ч Хаапеатай холбогдож, хамтдаа видео хийжээ.
Маргааш нь яам тууз хайчлах ёслол бүхий хошин видеогоор үүдээ дахин нээж, улс төрчид, радиогийн хөтлөгчид, сэтгүүлчид яаманд зочилсон байна.
“Хүмүүс дэлхийн бүх галзуу байдлаас анхаарлаа сарниулахын тулд сайн мэдээ хайж байгаа болов уу гэж бодож байна” гэж элчин сайд хэлжээ. Бичлэг яагаад ийм их сонирхол татсаныг тэрбээр одоо ч сайн мэдэхгүй байгаа аж.



