Байгаль орчин

Грета Тунберг: Дэлхий үхэж байгаа биш, түүнийг алж байна

Их долоогийн удирдагчдаас ганц Их Британийн Ерөнхий сайд Антальяд ирсэн бол АНУ төлөөлөгчөө огт илгээгээгүй.

The GuardianOliver Milman in Antalya5 мин унших

Зураг: The Guardian

Шведийн идэвхтэн Грета Тунберг НҮБ-аас жил бүр зохион байгуулдаг уур амьсгалын хэлэлцээнд сүүлийн таван жилд анх удаа оролцохдоо байгаль орчны сүйрлээс сэргийлж чадаагүй дэлхийн засгийн газруудыг ширүүн шүүмжиллээ.

Сургуулийн сурагчдын уур амьсгалын төлөөх ажил хаялтын хөдөлгөөнийг толгойлж алдаршсан Шведийн 23 настай идэвхтэн Туркийн Анталья хотод болж буй COP31 бага хуралд цугларагсдад хатуу үг хэллээ. Энэ нь улс орнууд уур амьсгалын хямралыг зохих ёсоор шийдвэрлэж чадахгүй байгаа үетэй давхцаж байна.

“Дэлхий үхэж байгаа биш, түүнийг алж байна, хэн алж байгааг ч бид мэднэ” гэж Тунберг хэлэв. “Биднийг аврахаар ирнэ гэж бодож байсан тэр хүмүүс л түүнийг алж байна. Хэн ч биднийг аврахаар ирэхгүй. Хүний эрхийг маань улс орнууд болон бусад байгууллага заналхийлж байхад босож, хариуцлагатай насанд хүрэгчид шиг байж, бүх хүний эрхийн төлөө тэмцэх нь бидний үүрэг” гэж тэрбээр хэллээ.

Тунберг сүүлийн жилүүдэд Газын мөргөлдөөн зэрэг бусад асуудалд анхаарлаа хандуулах болсон. Балба, Канад, Австралийн идэвхтнүүдтэй хамт оролцохдоо Тунберг дэлхийн дулаарал даамжирч буйг дайн зэрэг бусад гамшигтай холбон тайлбарлажээ. “Бид улам олон геноцид, экоцид, үндсэн эрхээ бүрэн алдах, үндсэн хэрэгцээ тансаг хэрэглээ болох ирээдүй рүү явж байна” гэж тэрбээр хэлжээ.

“Нөхцөл байдал хяналтаас бүрэн гарсан нь иймэрхүү орчинд урьд урьдынхаас тодорхой харагдаж байна. Дэлхий үхэж байгаа биш, түүнийг алж байна” гэж тэрбээр нэмж онцоллоо.

Их долоогийн орнуудын удирдагчдаас ганцаараа хэлэлцээнд оролцсон Их Британийн Ерөнхий сайд Энди Бернхэм илтгэлдээ Их Британид болсон түүхэн дээд хэмжээний халуун зун “хэвийн биш” гэж тодорхойлжээ. “Уур амьсгалын хямрал бол алс холын аюул биш. Энэ нь аль хэдийн бид бүгдэд ирж, хаа сайгүй хүмүүсийн амь нас, амьжиргааг сүйтгэж байна” гэж Бернхэм хэлжээ. Тэрбээр Их Британи хүлэмжийн хийн цэвэр ялгарлыг тэглэнэ гэж амлаж, улс орнууд эдийн засгаа цааш цахилгаанжуулах саналыг дэмжсэн байна.

Бернхэм оролцсон нь “эерэг дохио өгч байна” гэж Oxfam GB байгууллагын уур амьсгалын шударга ёсны зөвлөх Бет Жон хэлэв. Гэхдээ тэрбээр “Ирэх нь хангалтгүй. Ийм хэмжээний хямралд дохио биш, бодит арга хэмжээ хэрэгтэй. Уур амьсгалын манлайллын жинхэнэ шалгуур бол тунхаглал биш, хэрэгжүүлэлт” гэж нэмэв.

Турк, Австрали хамтран даргалж буй хэлэлцээний гол амлалтуудын нэг нь цахилгаанжуулалтын зорилт байх төлөвтэй. Зарим улс гэрээний текстэд цахилгааныг цэвэр эх үүсвэрээс гаргана гэж тодорхой заахыг хүсэж байна. Засгийн газрууд хүлэмжийн хийн ялгарлыг удаан бууруулж байгаа, хэлэлцээнд чулуужсан түлшнээс татгалзах асуудлаар одоог хүртэл нэгдэж чадаагүйг идэвхтнүүд шүүмжилж байна.

Climate Action Tracker байгууллагын пүрэв гарагт нийтэлсэн тайланд дурдсанаар, одоогийн бодлогоор зууны эцэс гэхэд дэлхий 2.7 хэмээр дулаарна. Энэхүү сүйрлийн дулаарал тус бүлгийн өнгөрсөн жил тооцоолж байснаас арай илүү бөгөөд дэлхийн удирдагчдын амласан 1.5 хэмээс хамаагүй өндөр юм.

Пүрэв гараг уур амьсгалын хямралын хохирлын тухай яриагаар дүүрэн байв. Балбын байгаль орчны сайд Гита Чаудхари тус улсад наймдугаар сард мөсөн гол хайлснаас болж сүйрлийн хөрсний нуралт болж, 1500 гаруй хүн амиа алдсан тухай ярилаа.

“Бидний туулсан уур амьсгалын өөрчлөлтийн сүйрлийн үзэгдлийг бид уулын цунами гэж нэрлэдэг” гэж Чаудхари ярьжээ. “Бид хүмүүсээ, амь насаа, эд хөрөнгөө алдсан. Балба нөхөн сэргээлт, сэргээн босголт, дэд бүтцээ дахин барих ажил хийж байна. Гэхдээ олон нийт, соёл, амь насыг бид сэргээж чадахгүй” гэж тэрбээр нэмжээ.

Хуралдааны үндсэн танхимд Палестины Ерөнхий сайд Мохаммад Мустафа Израильтай гурван жил үргэлжилсэн дайны байгаль орчинд үзүүлсэн нөлөөг тайлбарлахад төлөөлөгчид босож алга ташсан байна. “Израиль газар, ус, байгалийн баялагт нэвтрэхийг хязгаарласан нь Палестины уур амьсгалын бэрхшээлийг улам хүндрүүлсэн” гэж Мустафа хэлсэн юм. Тэрбээр Газад ус хангамж, ариутгах татуурга, тариалангийн талбай зэрэг өргөн хүрээний сүйрэл байгаль орчин, эрүүл мэндийн эрсдэлийг хэрхэн нэмэгдүүлснийг тайлбарлажээ.

COP31-ийг зохион байгуулагч Турк Израилийг геноцид үйлдсэн гэж удаа дараа буруутгаж, тус улсын удирдлагыг Антальяд урьсангүй. Израиль геноцид үйлдсэн гэх буруутгалыг үгүйсгэж, өөрийн аюулгүй байдлыг хамгаалах хууль ёсны дайн хийсэн гэж үздэг.

Хэлэлцээнд албан ёсоор оролцоогүй бас нэг улс бол төлөөлөгчөө илгээгээгүй АНУ юм. Доналд Трамп тус улсыг уур амьсгалын олон улсын тогтолцооноос гаргаж, уур амьсгалын шинжлэх ухааныг “хууран мэхлэлт” гэж шоолж, шинэ салхин турбин суурилуулахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн.

Энэ байр суурийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри шүүмжилжээ. Керри Ардчилсан намын 20 конгрессмен, хоёр мужийн захирагчийн хамт Туркт ирсэн юм. “Тэр бол эдгээр бүх асуудлаар бидний сүүлийн үед харсан хамгийн том ялагдагч” гэж Керри сэтгүүлчийн асуултад хариулахдаа Трампын тухай хэлсэн байна.

Ардчилсан нам завсрын сонгуульд дийлэнх ялалт байгуулсан тул АНУ уур амьсгалын хямралын асуудалд эргэн оролцоно гэсэн найдвар бага хурлын үеэр төржээ. Гэвч Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом Трампын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн сүүлийн хоёр жилд уур амьсгалын бодлогод үндсэн өөрчлөлт гарахгүй гэж анхааруулжээ. “Үүний ач холбогдлыг хэт хөөрөгдөхийг хүсэхгүй байна. Тэд байр сууриа улам чангатгахаас өөр юм хийхгүй байх” гэж Ньюсом пүрэв гарагт хэлжээ.

Бусад мэдээ