Microsoft 365 доголдож, дэлхий даяар Outlook, Teams-ийн хэрэглэгчид хүндрэлтэй тулгарлаа
Хэд хэдэн сервер гэнэт ажиллахаа больсон нь доголдлын шалтгаан болсон гэж Microsoft үзэж байна.

Outlook, Teams зэрэг Microsoft 365 багцын программд нэвтэрч чадахгүй байгаа талаар хэрэглэгчид мэдээлсний дараа Microsoft компани доголдлын хохирлыг багасгах бүх арга замыг эрчимтэй хайж байгаагаа мэдэгдлээ.
Доголдлыг хянадаг Down Detector сайтад Microsoft 365-ын талаарх гомдол огцом нэмэгдэж, Word, Excel зэрэг оффисын программ, Outlook шуудан, Teams болон SharePoint, OneDrive зэрэг байгууллагын үйлчилгээнд нэвтрэхэд хүндрэлтэй байгаа талаар 130 мянга шахам мэдээлэл иржээ. Хиймэл оюун ухаант Copilot туслах ч доголдсон байна.
Гомдлын тоо оргил үеэсээ буурсан ч олон хэрэглэгч имэйл илгээж, хүлээн авч чадахгүй, эсвэл ирсэн шуудангийн хайрцгаа огт нээж чадахгүй байгаагаа мэдэгджээ.
Microsoft X сүлжээнд “олон төрлийн холболтын аргаар Exchange Online шуудангийн хайрцагт нэвтрэхэд хүндрэлтэй байгаа тухай хэрэглэгчдийн мэдээллийг шалгаж байна” гэж бичжээ.
Дараа нь компани дэд бүтцийнхээ нэг хэсэгт “ачаалал ихэссэн” бөгөөд энэ нь “холболтын алдаанд нөлөөлж байгаа байх магадлалтай” гэж тайлбарлав. Автомат шалгалтын үеэр гарсан алдаа серверүүдийг унагаж, хэд хэдэн сервер “гэнэт ажиллахгүй болсон” болохыг компани тогтоожээ.
Microsoft-ын сайтад тавьсан үйлчилгээний доголдлын анхааруулгад компани “нөлөөллийг бууруулах бүх арга замыг эрчимтэй хайж” байгаа бөгөөд “доголдсон серверүүдийг дахин асааж, ажиллагаанд нь эргүүлэн оруулж байна” гэжээ.
“Урьдчилан сэргийлэх үүднээс бид сүүлийн өөрчлөлтүүд энэ явдалтай холбоотой эсэхийг шалгах хооронд бүх шинэчлэл, тохиргооны өөрчлөлтийг түр зогсоосон.
“Ачаалал ихэссэн нь нийт урсгал нэмэгдсэнээс биш, олон тооны сервер гэнэт ажиллахгүй болж, ачаалал үлдсэн дэд бүтэц рүү шилжиж байгаагаас үүдэлтэй болохыг бид тогтоосон.
“Серверүүдийг аюулгүйгээр ажиллагаанд эргүүлэн оруулахын зэрэгцээ тэдгээр яагаад ажиллахгүй болж байгааг судалж байна” гэж компани мэдэгджээ.
Үүнээс өмнө компани Хойд Америк дахь Microsoft Teams-ийн асуудлыг “амжилттай зассан” гэж мэдэгдсэн ч зарим хэрэглэгч холболтын асуудалтай хэвээр байгаагаа мэдээлсээр байв.



