Дэлхий

Индонезид ойн түймрийн утаанд амьсгал боогдож буй иргэдэд хүчилтөрөгчийн автобус туслах болов

Эль-Ниньогийн нөлөөгөөр энэ жилийн түймэр арав гаруй жилийн хамгийн хүчтэй болж, амьсгалын замын өвчин огцом нэмэгдэж байна.

CNA2 мин унших

Зураг: CNA

Сингапурын Си Эн Эй телевизийн мэдээлснээр, Индонезийн Борнео арлын Төв Калимантан мужийн Паланка Рая хотод орон нутгийн засаг захиргаа хүчилтөрөгчийн баллон, эмнэлгийн ажилтнуудтай автобус ажиллуулж эхэлжээ. Ойн түймрийн утаанд амьсгал боогдож буй иргэд автобусанд орж, хамарт нь залгасан нарийн хоолойгоор нэг удаад 5-аас 10 минутын турш хүчилтөрөгч авч байна.

Индонези жил бүр голчлон Суматра, Борнео арлуудад улирлын чанартай ойн түймэртэй тэмцдэг ч энэ жилийн түймэр арав гаруй жилийн хамгийн хүчтэй нь болжээ. Эль-Нинью үзэгдлийн улмаас агаарын температур нэмэгдэж, тус улсын өргөн уудам ой, хүлэрт газрууд түймэрт илүү өртөмтгий болсон бөгөөд Индонези, Малайз, Сингапурын тэнгэрийг утаа улбар шар өнгөтэй болгожээ.

Төв Калимантан мужийн эрүүл мэндийн газар энэ долоо хоногт Инстаграм хуудсаараа дамжуулан уг үйлчилгээ нь эрүүл бус агаарын чанарын нөхцөлд хүмүүст, ялангуяа амьсгалын замын хүндрэлтэй эсвэл хүчилтөрөгчийн дэмжлэг хэрэгтэй иргэдэд зориулагдсан гэж мэдээлэв. Цагаан, цэнхэр өнгөтэй автобусны эмнэлгийн ажилтнууд өвчтөнүүдийн мэдээллийг бүртгэж, амьсгалахад хүндрэлтэй иргэдэд хүчилтөрөгч өгч байна.

Индонезийн агаарын бохирдлын индексээр Борнео, Суматрагийн зарим бүсэд бохирдол 1,000-аас давсан бол 300-аас дээш үзүүлэлтийг аюултай гэж ангилдаг. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 8 дугаар сараас 10 дугаар сарын 25-ны хооронд түймэртэй холбоотой амьсгалын замын өвчний 350,000 орчим тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 10 дугаар сарын 25-ны байдлаар Төв Калимантанд 31,000 орчим тохиолдол бүртгэгджээ.

Автобусанд хүчилтөрөгч авч байсан 44 настай Октавина «Энэ бол байгалийн гамшиг, бидний хийж чадах зүйл төдийлөн алга» гэж хэлжээ. Олон индонезчүүдийн адил тэр ганц нэртэй. Өөр нэг өвчтөн, 31 настай Пурнасари сүүлийн үед гэрээсээ гарахаар цээж нь давчдаж, ханиалгадаг бөгөөд өглөө өтгөн шаргал утаа байсан тул амьсгалахад хэцүү байгаа гэж ярив.

Орон нутгийн Компас мэдээллийн сайтын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт хэдэн зуун оюутан мужийн захирагчийн ажлын байрны өмнө жагсаал хийж, түймэртэй тэмцэх арга хэмжээгээ эрчимжүүлэхийг шаарджээ.

Бусад мэдээ