Индонезийн Дэд ерөнхийлөгч Гибран Ракабуминг Рака яагаад огцров?
Индонезийн түүхэн дэх хамгийн залуу Дэд ерөнхийлөгчтэй холбоотой маргааны гол нь ганцхан баримт бичиг байв.
Индонезийн Дэд ерөнхийлөгч Гибран Ракабуминг Рака огцорч, хэд хэдэн шүүхийн хэргээр дамжиж, түүнийг огцруулах шаардлага нэмэгдэж байсан улс төрийн маргаан ингэж төгсгөл болжээ.
Гибран бол олонд Жокови нэрээр танигдсан Индонезийн долоо дахь Ерөнхийлөгч Жоко Видодогийн ууган хүү юм. Тэрбээр улс төрд орохоосоо өмнө бизнес эрхэлж байсан бөгөөд дүү Каэсанг Пангарептэй хамт хурим зохион байгуулах, хоол, ундааны чиглэлээр хэд хэдэн компани эхлүүлжээ.
Гибран 2019 оны есдүгээр сард эцгийнхээ нам болох Индонезийн Ардчилсан тэмцлийн намд (PDIP) элсэж, улс төрд албан ёсоор хөл тавьсан. Удалгүй намынхаа дэмжлэгтэйгээр Төв Явын Соло хотын даргаар сонгогджээ. Энэ албан тушаалыг Жокови Ерөнхийлөгч болохоосоо өмнө хашиж байсан юм.
Гибран 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Гериндра намыг үүсгэн байгуулагч, тус намын дарга Прабово Субиантотой хамт Дэд ерөнхийлөгчид нэр дэвшжээ. Энэ нь түүнийг өрсөлдөгч нэр дэвшигчдийг дэмжсэн PDIP-тэй зөрчилдүүлсэн бөгөөд дараа нь Гибраныг намаас хөөсөн байна.
Прабово, Гибран нар 2024 оны аравдугаар сард Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн тангараг өргөсөн байна.
Гол асуудал нь Гибраны боловсролын баримт бичиг байв. Индонезийн сонгуулийн хуульд зааснаар Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч бүрэн дунд сургууль буюу түүнтэй адилтгах боловсролтой байх ёстой.
Гибран боловсролоо нотлох баримт гаргаж өгөөгүй гэж хэд хэдэн улс төрч маргажээ. Гибран Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авах ёсгүй байсан орлуулах гэрчилгээнд тулгуурласан гэж үзсэн тэд түүнийг албан тушаалаас нь хасахыг шаардсан байна.
Гибран аль хэдийн тангараг өргөсөн тул асуудлыг ерөнхийлөгчийн сонгуулийн маргааны журмаар шийдэх боломжгүй гэж үзээд Үндсэн хуулийн шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Гэхдээ шүүгч Адиес Кадир “Гибран бүрэн дунд сургууль төгссөнтэй адилтгах гадаадын диплом, эсвэл Сонгуулийн хуульд заасан бусад адилтгах боловсролтой гэх үнэмшилтэй нотлох баримтыг шүүх олоогүй” гэж хэлжээ.
Дараа нь Дээд шүүх Гибраны сонгуульд бүртгүүлэхдээ ашигласан дунд сургуулийн адилтгах орлуулах гэрчилгээг хүчингүй болгосноор Үндсэн хуулийн шүүхийн дүгнэлт улам бэхжжээ. Уг гэрчилгээг Бага, дунд боловсролын яам олгосон байв.
Эдгээр шийдвэрийн дараа парламентад Гибраныг огцруулах шаардлага улам хүчтэй гарчээ. Тэрбээр Дэд ерөнхийлөгч байх болзол хангахаа больсон гэж улс төрчид маргаж байв.
Огцруулах ажиллагаа дуусахаас өмнө Гибран өөрөө огцрохоор шийдсэн байна.
Гибран огцорсон нь Прабовогийн албан тушаалд нөлөөлөхгүй. Үндсэн хуулиар Дэд ерөнхийлөгчийн суудал сул болбол Ерөнхийлөгч бүрэн эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлдэг бөгөөд Ардын зөвлөлдөх их хурал (MPR) 60 хоногийн дотор хуралдаж, шинэ Дэд ерөнхийлөгчийг сонгох ёстой.
Ерөнхийлөгч хоёр нэр дэвшигчийг санал болгоно. MPR тэдний шаардлага хангаж буй эсэхийг шалгасны дараа нэгдсэн хуралдаанаар санал хураах аж. Хамгийн олон санал авсан нэр дэвшигч Дэд ерөнхийлөгч болно. Санал тэнцвэл хоёр дахь шат явуулж, дахин тэнцвэл Ерөнхийлөгч хоёрын нэгийг сонгоно.
Гибраныг хэн орлох нь одоогоор тодорхойгүй байна. Байнга дурдагдаж буй нэрсийн нэг нь PDIP-ийн ахлах улс төрч, Төлөөлөгчдийн танхимын дарга Пуан Махарани юм. Тэрбээр Ерөнхийлөгч асан Мегавати Сукарнопутригийн охин.
Мөн Гериндра намын ерөнхий нарийн бичгийн дарга, Гадаад хэргийн сайд асан Сугионо, парламентын дэд дарга, Гериндра намын гүйцэтгэх дарга Суфми Даско Ахмад нарын нэр яригдаж байна. Хоёулаа Прабовогийн хамгийн ойрын улс төрийн холбоотнуудын тоонд ордог бөгөөд Ерөнхийлөгчийн өөрийн намын хүмүүс аж.


/file/attachments/orphans/amab-MarketspredictionMAIN_715994.jpg)
