Иран, АНУ-ын хооронд дахин тулаан эхэлж болзошгүй гэж Оросын Гадаад хэргийн яам мэдэгдэв
Тулаан дахин эхэлбэл Персийн булангийн хоёр эргийн орнуудад ноцтой хохирол учирч, мөргөлдөөн тэлэх эрсдэлтэй гэж Москва үзэж байна.

Хэлэлцээ бүтэлгүйтвэл Иран, АНУ-ын хооронд дахин байлдааны ажиллагаа эхэлж мэдэх бөгөөд үүний урьдчилсан нөхцөл бүрдэж байгааг Оросын Гадаад хэргийн яамны Ойрхи Дорнод, Хойд Африкийн газрын дэд захирал Максим Максимов мэдэгджээ. Энэ тухай Ведомости сонин РИА Новости агентлагийг иш татан мэдээлэв.
Максимов хамтын аюулгүй байдлыг хангах олон улсын форумын хуралдааны үеэр Вашингтон Ормузын хоолойд үе үе хурцадмал байдал үүсч байгааг үл харгалзан Тегераны асуудлаар хүлээх байр суурь баримталж, томоохон хурцадлаас зайлсхийхийг хичээж байгаа гэжээ. Талууд зуучлагчаар дамжуулан идэвхтэй харилцсаар байгаа аж.
Түүний хэлснээр, АНУ бүс нутагт гурван нисэх онгоц тээгч цохилтын бүлэг, тэнгисийн явган цэргийн хоёр экспедицийн бүлэг илгээжээ. Дипломат хүчин чармайлт бүтэлгүйтвэл цэргийн хувилбарыг ашиглаж магадгүйг тэрбээр үгүйсгээгүй байна.
Максимов Йемений хуситууд Баб-эль-Мандебын хоолойг хаавал мөргөлдөөн тэлэх эрсдэлтэйг анхааруулжээ. Москва Вашингтон, Тегеран хоёр бүтээлч яриа хэлэлцээнд шилжиж, Исламабадын санамж бичигт тусгасан зарчмыг харгалзсан урт хугацааны иж бүрэн хэлэлцээр байгуулна гэж найдаж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио 11 дүгээр сарын 10-нд АНУ Ирантай хэлэлцээр байгуулахад бэлэн ч Тегераны одоо тавьж буй нөхцөлийг нухацгүй, утгагүй гэж үзэж байгааг мэдэгджээ. Түүний хэлснээр, Вашингтонд дахин тулаан эхлүүлэх эсвэл Тегераны шаардлагыг хүлээн авахаас өөр сонголт бий аж.
Рубио 11 дүгээр сарын 9-нд АНУ, Иран хэлэлцээр байгуулахад ойртоогүй, зуучлагчид Тегерантай харилцсаар байгаа ч томоохон ахиц гараагүй гэж хэлсэн юм.



