Итали Украинд агаарын довтолгооноос хамгаалах пуужин нийлүүлэхээ зогсоож магадгүй
Италийн үйлдвэрүүд пуужингийн нөөцийг хурдан нөхөж чадахгүй байж магадгүй гэж АНСА мэдээлжээ.

Итали өөрийн нөөц багассан тул агаарын довтолгооноос хамгаалах системийн Астер зенит пуужинг Украинд нийлүүлэхээ ойрын хугацаанд зогсоож магадгүй гэж Италийн АНСА агентлаг мэдээлжээ. Энэ тухай Ведомости сонин мэдээлэв.
Агентлагийн мэдээлснээр, дараагийн тусламжийн багцад өмнө нь Киевт шилжүүлсэн системүүдийг ажиллагаатай байлгах эд анги багтаж магадгүй ч Астер пуужингийн цаашдын нийлүүлэлт эргэлзээтэй байна. Энэ нь Италийн өөрийн батлан хамгаалах нөөцийг хадгалах шаардлагатай холбоотой аж.
Батлан хамгаалахын сайд Гуидо Крозетто шинэ багцын агуулгыг дэлгэхээс татгалзжээ. Тэрбээр өмнө нь Ром Киевийн зарим хүсэлтийг, ялангуяа агаарын довтолгооноос хамгаалах салбарт хангах нөөцгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байсан юм. Шинэ багцад генератор, эрчим хүчний дэд бүтцийг сэргээх тоног төхөөрөмж багтах төлөвтэй байна.
Ла Репубблика сонин 10 дугаар сарын 27-нд Итали 2025 оны 12 дугаар сараас хойш Украинд зэвсэг илгээгээгүй гэж мэдээлж байжээ. Астер 30 пуужин багтсан 13 дахь тусламжийн багцыг эрх баригч эвслийн доторх санал зөрөлдөөн, ялангуяа цэргийн нийлүүлэлтийг эсэргүүцдэг Лига намын байр суурийн улмаас удаа дараа хойшлуулсан гэнэ.
Политико 11 дүгээр сарын 8-нд НАТО-гийн орнуудад 2026 онд Украинд цэргийн тусламж үзүүлэх амлалтаа биелүүлэхэд 7 тэрбум орчим евро дутагдаж байгааг мэдээлсэн юм.



