Лавров Сербийн шинэ эрх баригчидтай түншлэлээ хадгална гэж найдаж байна
Сербийн сонгуульд ялсан сөрөг хүчний төлөөлөгчид Оростой эрчим хүчний хамтын ажиллагаагаа хадгална гэж мэдэгдсэн юм.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Сербийн шинэ засгийн газар Москватай стратегийн түншлэлийн чиг хандлагаа хадгална гэж найдаж байгаагаа Сербиягаз төрийн компанийн хяналтын зөвлөлийн дарга Александр Вулинтай уулзах үеэрээ мэдэгджээ. Энэ тухай Ведомости сонин Вести агентлагийг иш татан мэдээлэв.
“Бид өмнө нь байсан болон одоо байгаа бүх тохиролцоог бүрэн баримталж байна” гэж Лавров онцолжээ. Түүний хэлснээр, Москва, Белград Оросын хийн цаашдын нийлүүлэлт, урт хугацааны шинэ гэрээний талаар хэлэлцсээр байгаа бөгөөд хэлэлцээнд Сербиягазын ерөнхий захирал Душан Баятович ч оролцож байгаа аж.
Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова 11 дүгээр сарын 5-нд Сербийн шинэ эрх баригчид бүрдэж, Белградаас хүсэлт ирсний дараа хийн гэрээний хэлэлцээг үргэлжлүүлэхийг санал болгосон юм. Одоогийн гэрээг өмнөх хөнгөлөлттэй нөхцөлөөр 2026 оны эцэс хүртэл сунгасан байна.
10 дугаар сарын 26-нд Сербид болсон ээлжит бус парламентын сонгуульд сөрөг хүчний Оюутны жагсаалт эвсэл 52 гаруй хувийн санал авч ялсан юм. Тус хөдөлгөөний төлөөлөгчид Европын холбооны дарамтыг үл харгалзан Оростой эрчим хүчний хамтын ажиллагаагаа хадгална гэж мэдэгдсэн байна.
ОХУ-ын Шадар сайд Александр Новак 9 дүгээр сарын 3-нд Вулинтай Оросын хийн нийлүүлэлтийг сунгах, урт хугацааны гэрээ байгуулах боломжийг хэлэлцэж байжээ.


