Ирантай холбоотой гурван эрийг Британийн агаарын баазад халдлага бэлтгэсэн хэргээр АНУ-д буруутгажээ
Сэжигтнүүд түлштэй фургонуудыг Фэрфорд баазад хүргэж, халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэж прокурорууд үзэж байна.

АНУ-ын холбооны прокурорууд Ирантай холбоотой гурван агентыг АНУ-ын Агаарын цэргийн хүчний стратегийн бөмбөгдөгч онгоцууд байрлаж байсан Британийн Фэрфорд агаарын баазад террорист халдлага бэлтгэсэн хэргээр буруутгаснаа АНУ-ын Хууль зүйн яам мэдэгджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.
Яллах дүгнэлтэд Исламын хувьсгалт харуулын корпустай холбоотой гэж сэжиглэгдэж буй Мохаммад Аль-Саадиг 9 дүгээр сард өөр хоёр зэвсэгт этгээдтэй баазад халдах ажиллагааг зохицуулахыг оролдсон гэж буруутгажээ. Нью-Йоркт цагдан хоригдож буй тэрбээр Ираны иргэн Мохсен Мохажери, Иракийн иргэн Мохаммед Али аль-Хассани нартай гуравдагч этгээдээр дамжуулан кодлогдсон мессеж солилцож халдлага төлөвлөсөн гэнэ.
Си Би Эс Ньюс телевизийн эх сурвалжийн мэдээлснээр, Мохажери, аль-Хассани нар одоогоор баривчлагдаагүй байна.
Прокурорын мэдээлснээр, Аль-Саади 8 дугаар сараас эхлэн Их Британи дахь хамсаатнуудаа удирдаж, мөнгө төлж, баазыг тагнуулахыг даалгажээ. Тэрбээр фургон, түлшний торх тээвэрлэх, тэсрэх төхөөрөмж хийх химийн бодис хайх, хэлтэрхий хийх металл худалдан авахад хэд хэдэн хүнд мөнгө төлсөн гэх юм.
Их Британийн хууль сахиулах байгууллага түлш хүргэх компанийн наалттай гурван фургон илрүүлж, жолооч нарыг баривчилжээ.
Өмнө нь Британийн цагдаа Лондонгийн оршин суугч хоёр Британийн иргэнийг энэ хэрэгт буруутгаснаа мэдэгдсэн юм. 24 настай Мохмед Ахмад Абдулкаримыг Ираны тусгай албанд туслалцаа үзүүлсэн, Нуман Эссгирийг Их Британийн ашиг сонирхолд хохирол учруулах зорилгоор хамгаалалттай цэргийн байгууламжид нэвтэрсэн хэргээр буруутгажээ.
Английн баруун хэсэгт орших Фэрфорд баазыг Америкийн стратегийн бөмбөгдөгч онгоцууд Иранд цохилт өгөхөд ашиглаж байсан бөгөөд 9 дүгээр сарын сүүлээр баазын ойролцоо таван хүн, тэдний гурван фургоныг саатуулсны дараа бүх онгоцыг гаргажээ.


